Хайх

Netflix-д Монгол улс нэгдсэнийг тэмдэглэж, хамгийн түрүүнд ямар кино үзэх вэ?

Netflix-д Монгол улс нэгдсэнийг тэмдэглэж, хамгийн түрүүнд ямар кино үзэх вэ?

Мөрөөдөл биеллээ

Text: Ж.Чинбат


Кино ертөнцийн үнэнч фенүүдэд энэ жил хамгийн анхны том сюрпризээ барьж, интернэт кино түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Netflix-д Монгол улс нэгдлээ. Яг одооноос эхлээд хил хязгааргүй кино ертөнц таны өмнө нээгдэж байна

Анх 2007 онд АНУ-д нээгдсэн Netflix интернэт кино түрээсийн компани нэгдүгээр сарын 6-нд дэлхийн 130 орныг нэгэн дор эгнээндээ багтаалаа. Тиймээс энэхүү баярт мэдээг нэн даруй шалгаж үзэхээр Netflix сайтад сарын 9,99 доллараар бүртрүүлэн, хаяг нээж түүнтэй танилцах аялал эхлүүллээ.

Netflix-ийн онцгой чанар

Энэ сайт хүмүүсийг татдаг гол шалтгаан бол өөртөө шилдэг кинонуудаас бүрдсэн хамгийн том, өргөн хүрээний санг бий болгосонд байгаа юм. Та сайт руу ороход үзэх киноны төрлөө "Сонгох" болон "Хүүхэд" гэсэн хоёр гол цэс байна. Кино үзэх энэхүү дижитал тавцанд гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хамарсан, мөн насны хязгаараар кинонуудыг цэгцтэй ангилжээ. Дээр нь нэг бүртгэлтэй хаягаар хэдэн хүн орж үзэхийг тохируулж, хэрэв хүүхдүүдээ оруулж байгаа бол үзэх кино төрлүүдийг нь сонгох боломжтой юм байна. 

Үндсэн нүүрэнд байх "Netflix-д сүүлийн үед Хамгийн идэвхитэй байгаа кинонууд, Шинээр нэмэгдсэн кинонууд, Оскарын шагналт кинонууд, Америкийн телевизийн шоунууд, Телевизийн хошин шоунууд, баримтат кинонууд" гэх цэснээс сонголтоо хийнэ. Таны сонгосон ямар ч кино оргинал эхээрээ байх тул бүгд Ултра HD чанартай гарах болно.

Netflix-д Монгол улс нэгдсэнийг тэмдэглэж, хамгийн түрүүнд ямар кино үзэх вэ? (фото 1)

Шинэ нэмэгдсэн кино цэснээс нүдэнд хамгийн түрүүнд туссан "Marco Polo: One Hundred Eyes" цувралыг нээхэд шууд тоглогдож байна. Netflix-ийн өөрийн бүтээсэн энэхүү цуврал кино Монголчууд бидний тухай өгүүлээд зогсохгүй, монгол жүжигчдийг татан оролцуулж байгаа. Удахгүй бид жүжигчин Ц.Цэрэнболд энэ кинонд Чингис хааны дүр бүтээснийг гарсан даруйд нь шууд үзэх болно.

Энд юу байхгүй байна вэ?

"Шилдэгүүдэд ч гэсэн дутагдал бий" гэдэг шүү дээ. Netflix-ийн сан хөмрөгт мэдээж сүүлийн үед нээлтээ хийсэн кинонууд орохгүй. Гэвч цаашдаа Холливүүдын кинонууд театрт болон кино түрээсийн сайтуудад зэрэг нээлтээ хийх эсвэл Netflix-д тавигдах хугацаа улам ойртох болно. Энд мөн одоохондоо Монгол хэл дээрх болон монгол тайлбартай кинонууд байхгүй. Ихэнхи кинонууд Англи, Франц, Испани зэрэг хэлний сонголттой байх тухайн киноноосоо шалтгаалж хэдэн орны хэл дээр тайлбар тексттэй байх нь шалтгаалах юм байна.

Телевизийн олон ангит цуврал кинонууд 

Бид өмнө нь Netflix-д удахгүй нээлтээ хийх кинонуудын тухай мэдээ оруулж, "Хүлээх л үлдлээ" гэсэн үгээр төгсгөдөг байсан билээ. Одоо тэгвэл хүлээлтэнд ямар ч саад учрахгүй болсон. Удахгүй гуравдугаар сарын 4-нд Netflix-д тавигдах House of Cards цувралын IV хэсэг болон энэ киног борлуулалтын орлогоо тэргүүлсэн "Улбар бол шинэ хар" өнгө цуврал, "8 дахь мэдрэмж" цуврал, II  Элизабета зэрэг кинонуудад умбах цаг ирлээ.

Netflix-д Монгол улс нэгдсэнийг тэмдэглэж, хамгийн түрүүнд ямар кино үзэх вэ? (фото 2)

Зөвхөн кино ч биш

Интернэт үзэгчдийн багагүй хувийг Анимэ, Хөгжим ба мюзикл, Спорт ба фитнессийн тухай кино, бичлэг үзэгчид эзэлдэг болохоор тэднийг ч Netflix мөн баярлуулна. Biggie & Tupac, Kurt Cobain нарын намтар кино, Gunslinger girl анимэ, Corvette nation зэрэг олон төрлийн шилдэг бүтээлүүдээс сонголтоо хийгээрэй. 

Хэрхэн үзэх вэ?

Мэдээж интернэтэд холбогддог бүх төхөөрөмжөөс Netflix-ийн хил хязгааргүй кино ертөнц рүү нэвтэрч болно. Ухаалаг телевиз, Blu-ray тоглуулагч, X Box 360, PS4, гар утас, таблет, компьютер зэрэг хүссэн төхөөрөмжөө ашиглаарай. Өөрийн шинэ хаягаа бүртргүүлэхэд танд олон улсын мастер, виза карт байхад л хангалттай.

 

цааш үзэх