Сурреалист үлгэрийн баатрууд тайзнаа амилсан нь
2023 онд Америкийн Лас Вегас хотын Цезарийн ордон дахь Колоссеум театрт дуучин Адель тоглолтдоо зориулж урт ханцуйтай, тэгш хэмт бус энгэртэй, бороон дуслууд тогтсон мэт макси даашинзны ард хэн гээч дизайнер байдгийг мэдэх үү?





Зөвхөн Аделээр зогсохгүй Бьорк, Соланж, Леди Гага, Карди Би, Селин Дион, Лиззо, Дожа Кэт зэрэг алдартнуудын дүр төрхийг бүрдүүлж байсан Хонг Конг гаралтай Лондоны загвар зохион бүтээгч Роберт Вуныг нийтлэлээрээ онцлон танилцуулж байна. Роберт Вуны загварууд нь Алиса Гайхамшгийн Оронд номын үлгэрийн баатрууд Сальвадор Далигийн зураг дээр амилсан мэт ер бусын сурреал хэв шинжтэйгээс гадна, цаг хугацааг царцаасан мэт тогтонги хэр нь хувцасны модерн элементүүдийг зүүд зөнгийн ертөнцтэй донжтойгоор эвлүүлэн бүтээсэн байдаг. Түүний загварын бүтээл дээр ажиглагддаг түлхүүр шинжүүдийг цааш задлан шинжилцгээе.
Хүн ургамал









Роберт Вуны урласан загваруудад мутар, тэргүүн зэрэг хүний биеийн эд хэсгүүд хувцаснаас урган гарсан мэт зохиомжтой байдаг нь яг л хувцас амь орон хөдөлж буй мэт жихүүцэм хэр нь гүн мэдрэмж төрүүлдэг. Тэдгээр даашинзнаас урган гарсан гар нь эзнээ тухтай байлгах гэсэн шиг эрүүнээс нь түшиж, гангалах гэсэн мэт нүдийг нь шил мэт хуруугаараа хүрээлж, зарим үед бүхий л цээжин биеэрээ гивлүүрийг нь тогтоон барьсан байдаг. Энэ нь шимэгч мэт эзэн биеэсээ харь бус харин ч бие цогцсын нэг хэсэг мэт уялдаатай харагддаг.
Гал, усыг эрхшээгч







Роберт Вуны загваруудад борооны дуслыг санагдуулам шигтгээ, галд шатсан мэт өнгө төрх нэлээдгүй ажиглагддаг ч гал усны эсрэгцлийг бус харин эдгээр махбодуудыг эзэгнэн эрхшээх мэт сүржин, нүсэр харагддаг. Эгээтэй л далайн лус савдаг, галын бурхан хоёр газар орчлонд өөрсдийн сүр хүчийг загварлагаар гайхуулж байна уу гэлтэй…
Халхын царай








Нүд бол сэтгэлийн толь гэлцдэг. Харин түүний загваруудад нүдийг гивлүүрээр бүдэсгэж, малгайгаар бүрхсэн, элдэв оруулгаар халхалсан эс бөгөөс багаар бүтэн нуусан байдаг нь эзнээ ихэд нууцлаг, аюултай харагдуулдаг. Хэдий бид нүдийг нь бүтэн харахгүй ч Роберт Вуны загварууд биднийг цоо ширтэх мэт хүчтэй нөлөөтэй байдаг.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт