Хайх

Яг одоо Netflix-ээс үзэх боломжтой Оскарын шагналд өрсөлдсөн кинонууд

Яг одоо Netflix-ээс үзэх боломжтой Оскарын шагналд өрсөлдсөн кинонууд

Энэ жил Netflix-ийн нийт есөн бүтээл 27 номинацид өрсөлдсөн билээ

Text: Э.Амартүвшин


Netflix кино компани дан ганц стрийминг үйлчилгээ үзүүлдэг байхаа болиод сүүлийн жилүүдээс Америкийн кино үйлдвэрлэлийн салбарын хамгийн том шагнал болох Оскарын наадамд хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэдийн болоод байгаа билээ. Энэ жилийн тухайд Netflix-ийн нийт есөн бүтээл 27 номинацид өрсөлдсөн байна. Эдгээрээс “The Power of the Dog” киногоор Шинэ Зеландийн найруулагч Жейн Кэмпион шилдэг найруулагчийн шагналын эзэн боллоо.

Netflix-ээр бусад кино компаниудын бүтээлийг үзэхэд үзэгчийн амьдарч байгаа улсаас хамаараад зарим кино олддоггүй байх бэрхшээл тулгардаг шүү дээ. Хүссэн киногоо өндөр чанартайгаар үзэхийн тулд VPN ашиглах шаардлага ч хүртэл гардаг. Харин өөрсдийн бүтээлүүдээ аль ч улсад байгаа үзэгчид нээлттэй стрийминг хийдэг учраас Netflix-ээс яг одоо үзэх боломжтой, Оскарт өрсөлдсөн “The Power of the Dog”, “Don’t’ Look Up” гэсэн хоёр киног онцлон санал болгож байна.


The Power of the Dog

“The Power of the Dog” киноны үйл явдал 1925 онд Монтана мужийн нэгэн фермд өрнөнө. Тус кино нь энэ жилийн Оскарын наадамд хамгийн олон буюу 12 номинацид нэр дэвшсэн байна. Гол дүрд Доктор Стрэйнж, Шерлок Холмс болон Алан Тюрингийн дүрүүдээр нь бид сайн мэдэх английн жүжигчин Бенедикт Камбербэтч тоглосон юм. Тэрээр ихэвчлэн цэмцгэр, хэрсүү ухаалаг, даруухан хэрнээ догь залуугийн дүрийг бүтээдэг бол энэ удаад дээрэлхүү, хэгжүүн, түрэмгий араншинтай дүрд тоглосон нь онцлог боллоо. Түүний ойлгомжгүй аашийг тодруулахын тулд Radiohead хамтлагийн гитарчин Жонни Грийнвүүд түлхүүргүй нотууд ашиглан тун өвөрмөц хөгжмийн найруулга хийсэн нь шүүмжлэгчдийн зүгээс нэлээдгүй сайшаал хүртсэн ч энэ удаагийн Оскарын шагналаа Ханс Зиммерт алдчихсан билээ. Зураг авалтаа Шинэ Зеландад хийсэн бөгөөд модгүй нүцгэн уул толгодын зураглалууд нь Монгол орны хөдөө нутгийг санагдуулж байв. Ер нь эрэгтэй хүн гэж хэн болох, эршүүд байдал болон бэлгийн чиг хандлага нь соёлоосоо, эргэн тойрноосоо хамаардаг эсэх зэрэг сонирхолтой асуудлуудыг эмэгтэй найруулагчийн өнцгөөс харж бүтээсэн “The Power of the Dog” киног таалан соёрхоорой.

Don’t Look Up

Мичиганий их сургуулийн астрономийн салбарын докторант, түүний удирдагч профессор нар санамсаргүйгээр динозавруудыг устгаснаас ч том солир дэлхийг чиглэн ирж явааг олж нээснээр “Don’t Look Up” кино эхэлдэг. Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Жона Хилл, Тимоти Шаламе зэрэг чадварлаг жүжигчид тоглосон уг кино нь өнөөгийн шинжлэх ухааны мэдлэгийн ганхчхаад байгаа байр суурь, олон нийтийн сүлжээнээс үүсэх хор уршиг, тэдгээрийг нь улс төр болон бизнесийнхэн хэрхэн ашиглаж байгаа зэргийг харуулсан инээдмийн кино билээ. Хурдан хэмнэлтэй, дунд үеийн “эстрад” маягийн жазз чуулга бүхий хөгжмийн найруулга нь киноны ерөнхий өнгө аяс болох сүйрлийн өмнөх сандрал тэвдэл, эмх замбараагүйдэлтэй тун сайн хоршиж байсан нь мөн л сайшаагдаж, шилдэг хөгжмийн найруулгын төрөлд нэр дэвшсэн юм. Зарим талаараа коронавирусийн цар тахлын нийгэмд үзүүлсэн нөлөө бидэнд сургамж үлдээсэн эсэхийг ёжлон харуулдаг “Don’t Look Up” кино нь аль ч насны хүн үзэхэд тохиромжтой тул гэр бүлээрээ, эсвэл найзуудаараа хамт үзэхийг санал болгож байна.

Netflix-ээс үзэх боломжтой, Оскарт өрсөлдсөн бусад киног дурдвал, “The Mitchells vs. The Machines” хүүхэлдэйн кино, намтарчилсан мюзикл “Tick, Tick… Boom!”, “Robin Robin” богино хэмжээний анимэйшн, “The Hand of God” драма, “Lead Me Home”, “Audible”, “Three Songs for Benazir” богино хэмжээний кинонууд байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх