Хайх

Stranger Things цувралын төгсгөлийн бүлэг хэзээ гарах вэ?

Stranger Things цувралын төгсгөлийн бүлэг хэзээ гарах вэ?

Тиймээ, бидний хайртай цуврал ийнхүү төгсөж байна

Text: Buro.Mongolia


Юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай, төгсгөлтэй, Stranger Things хүртэл. 2016 оны зун анхны бүлгээ цацаж байсан Netflix компанийн аймшгийн, sci-fi төрлийн Stranger Things цуврал саяхан дөрөвдүгээр бүлгээ хоёр хэсэгт хуваан толилуулсан. Тэгвэл киноны найруулагчид болох ах дүү Мэтт болон Росс Даффер нар төгсгөлийн буюу тавдугаар бүлэг 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны дундуур олон нийтэд цацагдана хэмээн албан ёсоор мэдэгджээ.

Одоогоор тавдугаар бүлгийн зураг авалт эхлээгүй бөгөөд зохиолчид Twitter хуудаснаа наймдугаар сарын 3-ны өдөр “Day 1” хэмээх зураг байршуулснаас гадна жүжигчин Дэвид Харбор “Энэ жил зохиол бичигдэж дуусаад дараа жилээс зураг авалт эхлэн тус ондоо багтаан киногоо гаргах байх. Гэхдээ энэ ердөө л төлөвлөгөө, тийм болохоор 2024 онд ч кино гарж магадгүй” хэмээн хэлсэн нь төгсгөлийн бүлэг тийм ч хурдан гарахгүй гэдгийг улам баталсан билээ. Дөрөвдүгээр бүлгийг хийхийн тулд хоёр жил зарцуулсан учраас энэ удаад ч мөн гарж болох бүх эрсдэлийг тооцон ийнхүү хугацаагаа зарласан гэдэгт итгэлтэй байна.

Ямартай ч Eleven болон түүний баатарлаг найзуудын Хокинс дахь адал явдал төгсгөлийн бүлэгт ч үргэлжлэх ба үзэгчдийг илүү сонирхолтой түүх, шинэ нууцууд, шинэ баатрууд, нулимс дуслуулам үйл явдлууд хүлээж байгаа хэмээн киноны найруулагчид фенүүддээ зориулж бичсэн захидалдаа дурдсан юм.

Түүнчлэн төгсгөлийн бүлэг хэдэн ангитай байх талаар албан ёсны мэдэгдэл одоогоор гараагүй ч дөрөвдүгээр бүлгээс богино байна гэсэн таамаглал бий. Мөн гол дүрийн жүжигчдийн нэг Ноа Шнапп Variety сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Яагаад Вилл анхны хохирогч болсныг би дандаа гайхдаг” гэж хэлсэн нь төгсгөлийн бүлэгт тайлагдах нууцуудын нэг байж магадгүй юм.

Stranger Things цувралын төгсгөлийн бүлэг хэзээ гарах вэ? (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх