
BLACKPINK-ийн Rosé MTV VMA-аас голлох шагнал хүртсэн анхны солонгос уран бүтээлч боллоо
2025 оны MTV Video Music Awards наадам Нью-Йорк хотын UBS Arena-д есдүгээр сарын 8-нд болж өнгөрлөө. Тус наадмаас BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé поп од Бруно Марстай хамтран дуулсан APT хэмээх бүтээлээрээ “Оны шилдэг дуу” шагналыг хүртэж, К-попын түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
Rosé улаан хивсний ёслолд алтлаг өнгийн тансаг даашинзтай оролцсон ба шагналаа гардан авахдаа тэрээр “Итгэж чадахгүй нь ээ. Надад итгэж, энэ гайхалтай бүтээлийг хамтран туурвисан Бруно Марсдаа баярлалаа. Энэ бол миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Намайг уран бүтээлч болон өсөж хөгжихөд минь хамт байж, дэмжсэн хүн бүхэнд талархъя. Teddy ахдаа, BLACKPINK-ийн гишүүддээ үргэлж талархаж, хайрлаж явдаг шүү” хэмээн хэлжээ.
MTV VMA нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй дөрвөн хөгжмийн шагналын нэг бөгөөд Grammy Awards, Billboard Music Awards, American Music Awards-тай зэрэгцдэг билээ. Ийнхүү Rosé тус наадмаас голлох ангиллын шагнал хүртсэн анхны солонгос уран бүтээлчээр тодорлоо. Өмнө нь 2021 онд BTS хамтлаг “Оны шилдэг дуу” ангилалд нэр дэвшсэн ч харамсалтай нь шагналын эзэд болж чадаагүй юм.