Хайх

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт

Interview: М. Анухатан


Үндэсний статистикийн хорооны ижил нэр бүхий хайлтаас “Бигнүүт” гэж хайхад энэ нэр манай улсад цор ганц байгаа гэж гарч ирнэ. Эл цор ганц Бигнүүт бол хувцас дизайнер, манай өнөөдрийн зочин…

Монголын загварын салбарынхны эчнээ танил, харах бүрд ямарваа нэгэн зүйл “бүтээж” явдгаараа танигдсан Бигнүүт олон ч хүний “манай…” гэх танил. “Манай дизайнер”, “Манай бүтээлч захирал”, “Манай DJ”, “Манай бизнесийн хамтрагч” мөн “Манай сайн найз”. Бүтээх явцдаа гал адил оргилон төөнөх ч ямар ч үед чин үнэнээрээ “хүнлэг” байж чаддаг нь магад түүний хамгийн том хүч болов уу. Оролдож үздэг, үзсэнээ хуваалцдаг, сурсан бүхнээрээ өөртөө үнэнчээр амжилтаа бататгадаг тэрээр залуу үеийн бүтээлч төлөөллүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Анхны капсул цуглуулгаа амжилттай танилцуулж, дизайнераас гадна хүсэл мөрөөдөл тус бүрийг бүтээлч илэрхийллээр “эрх дураараа” биелүүлэн яваа түүнтэй ярилцсан тэмдэглэлийг хүлээн авна уу.

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 1)

Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Амарсайханы Бигнүүт гэдэг. Дизайнер мэргэжилтэй. Өөрийгөө танилцуулаач гэдэг асуултад энэ хариултаас илүү “гал” гэж л хариулмаар санагдаж байна. Өөрийгөө гал шиг дүрэлзсэн нэгэн гэж яриагаа эхлүүлцгээе (инээв)


Одоо та ямар ажил эрхэлж байгаа вэ?

Одоогоор Michel & Amazonka брэндэд арт директор мэргэжлээр ажиллаж байна. Мөн дизайнер, стилистээр давхар ажилладаг. Сонирхлоороо бас DJ хийдэг.


Уншигчид маань таныг PODOLK брэндэд ажиллаж байсан гэдгээр нь сайн таних байх. Уг брэндтэй ажиллаж байсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 2)

PODOLK брэндийг манай хоёр найз анх 2020 онд үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед би Michel & Amazonka брэндэд борлуулалтын ажилтнаар ажилладаг байв. Ажил дээрээ үр дүн сайн гаргаж, дурлаж ажилладаг байсан ч бүтээлч хүний хувьд өөрийн зүйлийг туршин, оролдох хүсэл зориг улам хүчтэй оволзож эхэлсэн. Яг тэр үед манай хоёр найз өөрсдийнхөө брэндийг нээчихсэн, ороод ирэх юм уу гэж асууж байсан тул туршаад үзэхээр шийдсэн.

PODOLK брэндийн хувьд илүү дижитал зураг, screen printing талдаа богино ханцуйтай цамц болон даавуун цүнх зэрэг бүтээгдэхүүнүүд түлхүү үйлдвэрлэдэг. Яг тэр чиглэлээр ажиллаж байгаагүй, дөнгөж хувцас дизайнер мэргэжлээр төгссөн тул шаардлагатай бүхий л чадварыг өөрөө оролдож сурах хэрэгтэй болсон. Ер нь дижитал хэлбэрээр зурж сурахыг үнэхээр хүсэж байсан тул Michel & Amazonka брэндэд ажиллаж байхдаа бүтээлч захирал Амазонкатай ярилцаж байгаад нэг дизайн оролдож үзсэн нь анхны маань дижитал ажил байсан юм. “Бүтээлч гар” нэртэй уг дизайныг зурж, танилцуулаад батлуулсан нь одоог хэр нь хэрэглэгчдийн хамгийн дуртай загваруудын нэг хэвээр байгааг харах урамтай байдаг. Тухайн үед надад мэргэжлийн төхөөрөмж байгаагүй тул iphone 6 утсаа ашиглан хуруугаараа зураас бүрийг нь зурж байлаа. Тэгж их хичээж, хүсэж ажиллаж байсан тул түүний дараа ipad аваад зурдаг аппликейшнүүд дээр нэг бүрчлэн туршиж, тус бүр дээр нь заавар бичлэг youtube дээр үзэж бага багаар сурсан даа. PODOLK брэндтэй анх тэгж хамтарч ажилласан. Бүтээлч байх эрх чөлөөг надад олгосон болохоор их зүйл сурсан гэж боддог. Хамгийн чухал нь хамтдаа ярилцаж, хамтдаа л шийдвэрүүдээ гаргадаг байсан учир их ханьтай буюу үүсгэн байгуулсан хоёр найзаасаа их зүйл сурсан шүү.


PODOLK брэндээс яагаад гарсан бэ? Шалтгааныг нь лавлаж болох уу?

Хамтдаа ажиллаад аль хэдийн гурав, дөрвөн жил болчихсон байсан үе. Ковид 19 цар тахлын хөл хорионоос эхлээд багаараа олон ч зүйл давж гарсан, чамлахааргүй туршлагатай болцгоочихсон байсан үе. Хөл хорионы үед олон ч бизнес, байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулж байхад PODOLK брэнд найз нөхдийнхөө буянаар ч гэх үү тэр үеийг харьцангуй амжилттай даван туулж чадсанаа бодоход бас л том сургамж болсон.

Ингээд тодорхой нэг зорилго тавиад, түүнийхээ төлөө хамтран ажиллаад үр дүнгээ ч бас батлаад эхэлсэн тул тус тусдаа хаашаа зүглэх, юун дээрээ илүү анхаармаар байгаагаа бодож эхэлж байлаа. Нэг найзын маань хувьд бизнесийн өөр чиглэлд төвлөрмөөр байсан бол нөгөө найз маань PODOLK брэнд рүүгээ илүү төвлөрөхөөр шийдсэн байсан. Миний хувьд сурах зүйлсээ сурч оролдоод дараагийн алхмуудаа хайж байв. Тийм ч учраас буцаад Michel & Amazonka брэндэд ажиллах тухай бодож эхэлсэн юм. Харин ажиллахдаа дахиад борлуулалт биш арай өөр түвшинд буюу дизайнер мэргэжлээрээ ажиллаж өөрийгөө сорихоор шийдсэн. Чадна гэж итгэж байсан тул яг л тэр чиглэлээрээ одоо дизайнер, арт директороор ажиллаж байна. Сурснаа баталж, үр дүнгээ ч сайн гаргаж байгаагаа харахад урамтай байна.


Үндсэн мэргэжлээрээ анх уг брэндэд ажилласан байна шүү дээ. Анхны дизайнерын ажлаасаа юуг хамгийн их сурсан бэ?

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 3)

Маш их зүйл ойлгосон. Энэ дундаас хамгийн түрүүнд онцлох нь хувь хүний хариуцлагатай байдал буюу хийж буй зүйлдээ эзэн болох тухай сайн ойлгосон. Энэ ч мөн надад их хэрэгтэй байжээ гэж одоо би дүгнэдэг. Өмнө нь харьцангуй урсгалаараа буюу аливаад баригдахгүй чөлөөтэй л хүн явдаг байж. Гэсэн ч загвар гэлтгүй ямарваа ажилд үр дүн гаргахын тулд тодорхой хэмжээний сахилга бат яалт ч үгүй хэрэгтэй тул түүнийг их сайн суралцаж чадсандаа талархдаг. Харин мэргэжил талдаа бол яг юу хүсэж байна, түүнийгээ хэрхэн бодит болгох талаар сайн туршиж, эрх чөлөөтэй ажилласан. Тухайн брэндийн дизайнераар ажиллана гэдэг хариуцлагатай ажил бөгөөд ямар загвар гаргавал хэрэглэгчдэд хүрэх вэ, түүнийг би яаж брэндийн өнгө аясад тохируулах вэ гэдэг харьцааг тааруулах талаар суралцжээ. Одоо дүгнээд харахад энэ бүхнийг гүйцэтгэхийн тулд хүн өөрөө өөртэйгөө л илүү ажиллаж, өөрийгөө сайн сонсдог байх хэрэгтэй тул өөртэйгөө ч илүү дотносоод амжсан шүү.


Хувцас загварын салбарт ажилладаг хүний хувьд та өөрийн стиль, хэв маягийг хэрхэн тодорхойлох вэ?

Өмнө нь их “өнгө”-нд дуртай байжээ. Сонголтууд маань илүү олон өнгө зонхилдог байсан бол одоо хар өнгө илүү анхаарал татдаг болжээ. Харин хувцасны чимэг болсон элементүүдийн хувьд монгол бөө мөргөлийн хувцас, эдлэлийн элементүүдийг судлан дизайндаа оруулдаг болсон байна. Уг судалгаанаас мөн орчин үеийн, өдөр тутмын загварууддаа тус чимгүүдийг хэрхэн хослуулж болох талаар ажиллаж байгаа.


Өөрчлөлтөд их нээлттэй хүн байх, тийм үү?

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 4)

Тийм шүү. Би ер нь өөрчлөлтөд их нээлттэй хүн. Миний хувьд аливаа хэв маягт баригдана, нэг л замаар явна гэдэг утгагүй санагддаг. Ажил мөн адил, яг л нэг хэв маяг руу орох гээд эхэлбэл шууд яаж байна гээд ажиглаад зохих шинэчлэлтүүдийг бодож эхэлдэг. Мэдээж бүгдийг нь орвонгоор нь эргүүлээд тавьчихна гэсэн үг биш, зохих өөрчлөлтийг нямбай анзаарч оруулахыг боддог. Орчлонгийн ганц үнэн магадгүй бүх зүйл өөрчлөгдөн хувьсдаг гэдэг хууль шүү дээ. Бөө, мөргөл ч мөн байгалийн энэ өөрчлөлтийн дагуу амьдрах, түүнийг хүлээн зөвшөөрч, хоршин амьдрах тухай сургадаг тул илүү сонирхол татдаг шүү.


Бөө мөргөлийн талаар судлах дуртай гэж ярианаас нь ажиглагдлаа. Таны судлах дуртай сэдэв үү?

Яг тийм. Би тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн талаар өөрийн чадлаараа сайн судалж унших дуртай. Сая дурдсан аливаа өөрчлөлтөд бэлэн байх, эв найрамдалтай амьдрах талаар бөө мөргөл дээр их харагддаг. Асар их эрх чөлөө мэдрүүлдэг хэр нь сэтгэлд түшигтэй, ханьтай байдаг тул магадгүй ингэж их сонирхол татдаг байх.


Өөрийнхөө хэв маягийг гээхгүйгээр, “миний хийхийг хүсэж байгаа зүйл” болон “Michel & Amazonka загварын ордонд хийгдэх ёстой зүйл” гэх заагийг та дотроо яаж ялгаж ажилладаг вэ?

Их сонирхолтой асуулт байна. Би юу бүтээхийг хүсэж байгаа болон ажлын амин сүнсийг алдагдуулахгүйгээр бүтээлч ажиллана гэдэг амар зүйл бол биш. Жишээ нь сая миний бүтээлч захирлаар ажилласан “BALANCE” капсул цуглуулгыг гаргах гэж жилийн турш баг хамт олондоо танилцуулж, ойлгуулж, эцэст нь амжилттай батлуулж чадсан. Яг тухайн брэндээс танилцуулж болох, амин сүнсээ агуулсан байж чадах уу гэдэг дээр л бид ярилцаад байсан хэрэг. Загварын бизнес гэдэг мэдээж бүтээлч байдлыг чухалчлах ч бизнес өнцгөөс өөр хүчин зүйлүүдийг тооцоолох хэрэгтэй байдгийг удирдлагын баг маань сайн хэлэлцсэн юм. Зорилтот хэрэглэгч гэж юу болох, гаргаж буй загварууд зөвхөн бүтээлч байхаас гадна бизнесийн өнцгөөс ямар шалгуурууд давах ёстойг энэ капсул цуглуулгын хамт баталсан гэж бодож байна. Тэгэхээр зөвхөн энэ л гоё, энэ л яг миний өнгө аяс гээд зөрүүдлээд байхгүйгээр өөрийн өнгө аясыг тухайн брэндийн “сүнс”-тэй сүлэлдүүлэхэд хэрхэн тэнцвэртэй байх талаар оролдсоны эцэст учрыг нь олсон шүү. Яг л нэр шигээ BALANCE-тай байх буюу аль алиных нь тунг нь тааруулж ажилладаг гэж хариулах юм байна.


Анхны ажиллаж байсан брэндийн хувьд олон нийтэд зориулсан хэв маягаараа илүү танигдсан. Харин Michel & Amazonka брэнд илүү тансаг зэрэглэлийн загварууд болон тодорхой өөр чиглэлүүд рүү салбарлан ажилладаг. Зорилтот хэрэглэгчид өөр байх уг шилжилтэд та бүтээлч байдлаа хэрхэн зохицуулан ажилладаг вэ?

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 5)

Миний хувьд аливаа брэндийн амин “сүнс”-ийг харьцангуй хурдан таньж анзаарч чаддаг гэж хэлж болно. Тийм ч учраас шилжилт дээр надад тийм ч хэцүү байгаагүй. Брэнд ч гэлтгүй хүмүүсийн хувьд ч мөн адил гол мөн чанарыг нь хурдан таньдаг, хурдан ч дасан зохицдог.


Загварын салбар хөл хөдөлгөөн, шуугиан, хурд дунд өрнөдөг. Энэ дунд бүтээлч байх орон зайгаа та хэрхэн гаргадаг вэ? Чимээгүй төвлөрч суух дуртай юу? Эсвэл олуулаа хөл, хөдөлгөөнтэй байх тусмаа бүтээлч ажилладаг уу?

Би яг л дунд нь орж, алалцаж байж л юм хийдэг юм байна лээ. Өмнө нь илүү тайван орчинд төвлөрч ажилладаг байсан бол одоо хаана ч байсан хамаагүй, харин ч бүр ажил дундаа хамт оволзоод бүтээх дуртай болсон. Ялангуяа техно хөгжимд дурласан цагаас эхлээд өөрийнхөө хурдыг анзаарсан. Хөгжмийн хэмнэл нь тодорхой давтамжаар буюу бараг л бөөгийн хэнгэрэг шиг л байдаг тул тэр дундаас тайвшрал олдог. Би өөрөө ч их эрч хүчтэй хүн учраас тэр асгарсан их энергиэ бүтээлч байдал болгон ажиллахад тийм цоглог, ассан хурд дунд үр дүн ч сайн гардаг.


Ойрд ямар зүйл дээр илүү төвлөрч байна? Өөртэйгөө илүү тулж ажиллаж, өөрийгөө сайн сонсож байгаа үе болов уу гэж ярилцлага хийхээс өмнө анзаарч суулаа.

Одоо ажлын хувьд наадмын загварууд танилцуулагдахад бэлдээд байна. Мөн шинэ төсөл буюу найзуудын хамт эхлүүлж буй шинэ ажлын нээлт удахгүй эхлэх нь байна.

Харин хувь хүний хувьд өөрийн тань хэлсэн яг одоогийн ийм бүтээлч, өөрийгөө сайн сонсдог тогтвортой байдалд хүрэх гэж олон жил зарцуулсан. Эргэн тойрон юу болоод байгааг ойлгохгүй үнэхээр төвөгтэй үеийг тойроод биш туулаад өнгөрсөн шүү. Толгойн дээр антен байлаа гэж бодоход олон зүйлд сатаарах тусам л хэрэгтэй мэдээллүүдээ авч чадахгүй гацчихсан юм шиг л санагддаг байв. Тэгэхээр аль болох шаардлагагүй зүйлсэд хямрахгүй, төөрөхгүйгээр өөрийгөө чөлөөлж эхлэх үед нухацтай ажиллаж эхэлсэн юм. Сэтгэл зүйчтэй уулзаж, мэргэжлийн үйлчилгээ авч эхэлсэн. Энэ бүхнийг гаргаж ярилцсаны эцэст яагаад гэдэг асуултуудад тус бүр хариултаа олж чадсан. Яагаад би ийм тухгүй байна, ямар үед би их гомдож байна гээд л. Тэгж өөртэйгөө сайн ажиллаж, өөрийгөө сайн уудалж чадсан учраас өөрийгөө сайн таньж чадсан байх. Бараг л бөглөө тайлна гэдэг шиг дотроо сайн уудалсан учраас эргэн тойрноо мөн өөрийгөө илүү ажиглаж эхэлсэн. Өөрийгөө танихаас гадна өрөөл бусдыг ч мөн илүү таньж ажиллаж эхэлсэн.


Таны хувьд загвар хэр чухал вэ?

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 6)

Гоо сайхангүй зүйл харахаар бараг л миний дургүй шууд хүрдэг. Энэ нь зөвхөн үзэгдэх харагдахдаа гоё сайхан ч юм уу гял цал гэсэн үг биш, муухай зүйлээс ч гоо сайхныг олж харж болно шүү дээ. Мөн чанаргүй, хоосон зүйлс л их муухай харагддаг гэж болно.

Бүх зүйлд гоо сайхан байдаг, бүх зүйлд ч мөн загвар байдаг. Тэгэхээр тэр гоё сайхан зүйлсийг олж харж, дэлгэж бүр танилцуулах нь надад чухал байдаг. Түүнтэй адил загвар ч мөн чухал. Загварыг харин илүү statement буюу тодорхойлолт гэж хэлэх байх. Мэдээж загварт дурлаж хайрласан учраас энэ мэргэжлийг сонгосон ч нэг мэдсэн тэгж их ач холбогдол өгөхгүй байгаагаа анзаарсан. Тухайн үед сая хэлсэнчлэн сэтгэл санаа ч тогтворгүй үе байсныг хэлэх үү. Харин улам өөрийгөө сонсож, өөрийгөө ойлгож эхэлсний дараа дахин дурласан буюу үнэхээр үнэ цэнийг нь дахиад мэдэрсэн. Тэгэхээр загвар бол миний хувьд үнэ цэнтэй зүйл яах аргагүй мөн.


Магад дэндүү энгийн юм шиг хэр нь уншиж буй хэн бүхний хариулт хүсэх асуулт байх. Таны хамгийн дуртай дизайнер? Мөн хамгийн дуртай брэнд?

Миний хувьд Александр Маккуин хэзээд үлгэр дуурайлал авдаг чухал хүн минь. Яаж тэгж задгай сэтгэдэг, яаж тэгж эрх чөлөөтэй бүтээж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай санагддаг. Хошигноод хэлбэл бараг л дахин төрсөн сүнс нь би юм бил үү гэж бодтолоо хайртай (инээв). Бас Gucci брэндийн 2015-2022 оны Алессандро Микеле бүтээлч захирлаар ажиллаж байсан эрин үед дуртай. Ингээд харвал би илүү максималист хэв маягт дуртай нь харагдах байх. Гол нь тэд хийсэн бүтээл бүрээрээ үр нөлөө гаргаж чадсан байгаа нь онцгой санагддаг. Танилцуулсан загвар бүрийг нь хүмүүс сайнаар ч ярина, муугаар ч ярина. Угаас хэн бүхэн өөрчлөлтөд тийм амар дасдаг биш учраас тэр өөрчлөлтийг эхлүүлж чадсан нь надад мундаг санагддаг. Бүтээлээрээ өөрчлөлтийг эхлүүлсэн гэвэл бас одоогийн Gucci брэндийн бүтээлч захирал Демна Гвасалияг дурдахгүй орхиж болохгүй юм байна. Өөрийнхөө хүссэн өөрчлөлтийг тултал нь хийчихсэн, хаанаас нь ч харсан өөрийн хэв маягийг тогтоож чадсан гэдэг нь миний яриад байгаа үр нөлөөг төдий хэмжээнд таниулж чадсан байгаа биз? Энэ бүхний цаана миний эрх чөлөөнд дуртай зан чанар л дурлаад байгаа гол шалтгаан маань байж болох юм.


Загварын салбар үргэлж ирээдүйд тэмүүлэн ажилладаг. Таны ажил танаас шууд утгаараа ирээдүйд амьдрахыг шаардаж байхад та яаж өөрийгөө яг одоо цаг дээрээ тогтоон барьдаг вэ?

Яг өөрийн тань хэлсэн шиг загварын салбар бол дараагийн хэдэн жилээр төлөвлөж бүтээдэг салбар. Тэхдээ миний хувьд “одоо бол одоо” гэсэн дүрмээр л ажилладаг. Одоо би юу хийж байна, түүний үр дүн гээд ирээдүйд гарч ирж л таараа. Тэгэхээр одоо хийж буй зүйлдээ аль болох чанартай, сайн үр дүнтэй ажиллахад л хангалттай гэж боддог. Трендийн хувьд ч гэсэн би тренд гэдэг зүйлд их дургүй. Хүмүүс бид цагаа тулахаар "амьтан" хэвээрээ тул амьтны шинжээрээ заавал нэг сүрэгт нэгдэх гээд, заавал нэг юмны нэг хэсэг болох гээд их тэмүүлсэн харагддаг. Миний хувьд хүн тус бүр өөрийн онцлох зүйлээр ялгарч харагдах нь надад илүү онцгой байдаг буюу өөртөө үнэнч байснаар тэр тутамд таарах хүмүүс зам тутам олддог учраас өөрийнхөөрөө үнэн байх л онцгой юм даа.


Загвараас гадна DJ хийдгийг нь зарим уншигчид маань гадарлах байх. Энэ шинэ мэргэжлийнхээ талаар дэлгэрүүлж болох уу?

BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 7)

Хөгжим загвар хоёр бол салшгүй холбоотой. Тэгэхээр хөгжмийг сонирхох, DJ хийх нь надад бараг мэдээжийн зүйл шиг л байсан. Уг нь ингэж дурлаж DJ-ээр ажиллаж эхэлсэн ч нэг анзаартал бараг л зовоод байгаа юм шиг их төвөгтэй санагдаж байгаагаа анзаарсан. Хүчлээд байх шаардлагагүй, хүмүүсийн өмнө тухгүй үедээ гараад цагийг нь үрээд яах вэ гэж бодоод нэг хэсэг завсарлага авч, өөртөө багахан агаар өгч эхэлсэн. Ашгүй тэгж зай авсан тулдаа яг яагаад DJ хийх дуртай, надад ямар үнэ цэнтэйг нь дахин мэдэрч чадсан. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал байдгийн адил, чанартай сайн хөгжмийг DJ хийх явцдаа сонсгохыг хүсэж одоо сетүүдээ тоглож байна. Цагаа зарцуулаад ирж байгаа хүмүүсийг хүндэлж буй нь тэр. Цаг гэж нээрээ онцолсных, одоо миний баримталж ажиллаж буй маш чухал зүйлүүдийн нэг цагийг хайрладаг болсон байна лээ. Та бид хоёр ярилцаад сууж буй нь хоёр биеийнхээ амьдралын нэгээхэн хэсгийг зарцуулж байна шүү дээ. Энэ ч утгаараа хүндэтгэлтэй буюу цагаа зарцуулж байгаад нь хариуцлагатайгаар хандах ёстой гэж боддог. Хоцрохоос эхлээд хэн нэгний цагийг үрж байна гэдэг их бүдүүлэг, муухай зүйл. Олон ч зүйлийг бид нөхөж, эргүүлж авч болох ч алдсан цаг хугацаа гэдэг нөхөж болохгүй зүйлүүдийн нэг.


Дизайн гаргаж, стилист хийж, DJ ээр ажиллах гэхчлэн бүтээлч олон хэлбэрээр ажиллах явцад халшрах мэдрэмж төрж байсан уу? Ийм үед та өөрийгөө хэрхэн цэнэглэгдэг вэ?

Хүсэхгүй байгаа зүйлээ хийхдээ илүү халширдаг байсан. Одоо тэхдээ бодоод байхад өөртэйгөө илүү тэмцэлддэг үедээ яг юу хийх гээд хүсээд байгаагаа сайн гаргаж чадахгүй байгаадаа л цухалдаад халширдаг байсан юм байна лээ. Одоо харин хийж бүтээж байгаа л бол угаасаа чанартай сайн үр дүн гаргана гэдэгтээ итгэлтэй, тэр тусам өөртөө өөрийгөө баталж чадаж байгаа учраас улам л илүү өлсгөлөн, улам л эрч хүчтэй болсон санагддаг шүү. Тэгэхээр халширсан, хэцүү санагдаж байгаа бол хиймээр байгаа зүйлүүдээ хийж, тэр тусам таашааж ойлгож сурсан учраас тэгж гацахаа больсон байна.


Ярилцаад сууж буй энэ газрыг дурдахгүй орхиж болохгүй байх. Таны найзуудтайгаа хамт эхлүүлсэн шинэ төсөл гэж байсан. Уншигчдад багахан танилцуулж болох уу?

PODOLK брэнд үүсгэн байгуулагчдын нэг найз маань бизнес тал руугаа илүү төвлөрсөн гэж хэлж байсан даа? Тэр найзын маань эхлүүлсэн дараачийн төсөл гэж болно. Анх энэ төслийг эхлүүлэх талаар ярьж байхдаа хамтрах санал тавихад би эхэндээ бол итгэлгүй байсан. Найз маань “Ер нь би бүх мэдээллээ багтаасан бизнесийн танилцуулга бэлдээд та хэдэд харуулъя” гэж хэлээд өөр найзуудтайгаа долуулаа уулзаад анхны хурлаа хийж байлаа. Бүх мэдээлэлтэйгээ танилцахад асуудал байхгүйгээр таалагдсан тул бид ажлаа эхлүүлээд одоо албан ёсны нээлтээ хийх гээд бэлдэж байна. Найз нөхдийнхөө хамт дөнгөж эхлүүлж байгаа шинэ төсөл учраас ийм, тийм гээд ярих нь утгагүй байх. Харин албан ёсны нээлтээ удахгүй зарлах тул сонирхож буй хэн бүхэнд “тун удахгүй” л гэж хэлье даа. Дараа дараагийн удаа ярилцаад суухад энэ төсөл маань хаашаа ч хөтөлсөн байх юм бил ээ. Амьдрал гэж их баялаг бас сонин. Дэлгэж ярих бас өөр зүйлүүд ч гараад ирнэ биз.


BURO. ярилцлага: Michel & Amazonka брэндийн арт директор, хувцас дизайнер “цор ганц” А.Бигнүүт (фото 8)

Ийн хөөрөлдсөөр бидний ярилцлага өндөрлөсөн юм. Ярилцлагын явцад хажуу зааланд PODOLK брэндийн захирал, түүний найз бүтээгдэхүүнүүдээ илгээх эцсийн шалгалтыг хийж буй бол нөгөө найз нь өөр зааланд нээлтийн бэлтгэл ажлуудаа үргэлжлүүлсээр байв. Ямар ч боломж ирсэн хамтдаа туулж, ямар ч өсөлт туулсан бие биеэ дэмжин урагшлуулах эл нөхөрлөл ярилцаж буй хэнбугайн ч анхаарал татахаар дулаахан дотно хэр нь тэр хэрээр энгийн тайван үйлдлүүдээр бие биеэ дэмжинэ. Энэ их хайран дунд ажилладаг байх нь хэмээн Бигнүүт зочноо зурвасхан бодсон ч энэ их итгэлийг төдий хэрээр даадаг мөн зөрүүлэн хайрладаг юм чинь аргагүй дээ гэж бодсоор "баяртай" хэмээн зочноороо үдүүлэн гарлаа…

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.


Ярилцлага: М. Анухатан
Гэрэл зураг: Г. Золжаргал
Стилист: А. Бигнүүт

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх