Хайх

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ?

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ?

Фиби Файло гэж хэн бэ?

Text: Б.Энххүслэн


2010-аад оны загварын хэв маягт минимализмын салхийг сэвэлзүүлж өчүүхэн зүйл ч гэсэн ихийг илэрхийлдгийг баталсан эрхмүүдийн нэг бол Фиби Файло. Тэр бол хувцас загварын дизайнер. Энгийн нэг биш, заяагдсан нэгэн ч гэж тодорхойлж болохуйц. Учир нь Файло Céline загварын ордныг “олон жилийн түүхт франц брэнд” хэмээх хайрцаглагдсан ойлголтоос нь гаргаж “орчин цагийн шилдэг загварын ордон” тодорхойлолтыг нэмж чадсан. Мөн тэр бол Chloé-гийн Paddington цүнх, гадилын хээ, Céline-ий Luggage тоут гэхчлэн алдартай загваруудыг анх урласан нэгэн билээ. Үүгээр ч зогсохгүй Файло бол Helmut Lang-ын Питер До, Rokh брэндийн Рок Хуан, Burberry-гийн Дэниел Ли, Hèrmes-ийн Надеж Ванхе-Цибульский гэх загварын нөлөө бүхий бүтээлч захирлуудыг сургаж, удирдлага доороо ажиллуулж байсан багш нь юм.

Гэвч гоц ухаант дизайнерын гаргасан эдгээр амжилт 2017 оноор зааглагдана. Учир нь тэрээр тухайн үед 10 жилийн турш хашсан Céline-ий бүтээлч захирлын албанаасаа өөрийн саналаар гарч салбарынхныг донсолгож байлаа. Гэсэн ч ажил мэргэжлээ бүрэн орхихгүй болоод хувийнхаа брэндийг хүртэл нээх гэж буй баяртай мэдээг 2021 онд зарлаж байсан удаатай. Тэрхүү мэдэгдлээс хойш хоёр жил өнгөрсний эцэст домогт дизайнерын Phoebe Philo брэндээрээ овоглосон анхны цуглуулга хэдхэн хоногийн өмнө ил болоод байна.

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 1)

Цуглуулга 150 орчим хувцас, аксесуараас бүрджээ. Танилцуулагдсан мөчөөсөө маш хурдацтай борлуулагдаж дууссаар байгаа бөгөөд “MUM” нэртэй хүзүүний зүүлт нь 30 хүрэхгүй минутын дотор зарагдсан гайхалтай амжилтыг хүртэл гаргасан. Тэгвэл эргэн ирэлтээрээ шуугиан дэгдээгээд буй Фиби Файло гэж яг хэн бэ? Яагаад загварынхан энэхүү үйл явдлыг өндөр ач холбогдолтойд тооцох болов?

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 2)

Фиби Файлогийн бага нас, карьер


Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 3)

Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр Парис хотноо төржээ. Файло англи гаралтай бөгөөд тухайн үед түүний эцэг эх Франц улсад ажиллаж байсан гэдэг. Улмаар хоёр настайдаа Лондон руу гэр бүлийн хамт нүүсэн байна.

Фиби загварынхаа сонирхлыг хөөн Central Saint Martins коллежид загвар зохион бүтээгч мэргэжлээр сурч төгсжээ. Улмаар тэрээр Chloé ордонд тухайн үеийн бүтээлч захирал Стелла Маккартнигийн туслахаар ажлын гараагаа эхлүүлж байв. Маккартни өөрийн брэндээ эхлүүлэхээр бүтээлч захирлын албанаас гарсны дараа Фиби Файло түүний оронд томилогдсон юм. Ингэхдээ Chloé брэндийн бүтээлч захирлаар 2006 он хүртэл ажилласны эцэст анхаарлаа гэр бүлдээ илүү их хандуулахаар шийдэн ажлаасаа гарч байжээ. Цаашлаад 2008 онд LVMH-ын тавьсан Céline-ий бүтээлч захирал болох саналыг хүлээж аван 2017 он хүртэл ажилласан түүхтэй.

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 4)

Фиби Файлогийн онцлог


Түүний гоо зүйг чинээлэг байдал, тансаглал, өндөр амжилттай холбон тайлбарлах нь олонтоо. Файлогийн гаргадаг цуглуулга “би тансаг зэрэглэлийнх” гэж хашхирдаггүй, харин цөөн үгээр чимээгүйхэн чихэнд шивнэх шиг болдог. Фибигийн Céline брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байсан үеийг хүмүүс “хуучны Céline” хэмээн нэрийддэг бөгөөд түүний эринийг ухаалаг бөгөөд боловсорсон гэж дүгнэдэг. Хүмүүс Файлогийн нэр алдар, төлөөлдөг брэндийнх нь статуст ач холбогдол өгөхөөсөө урьтаж түүний хувцасны шүүгээг энгийн боловч хүчирхэг харагдуулж чаддаг увдист нь татагддаг юм. Хөөсөрсөн их материализм дунд түүний урладаг хувцаснууд торгон мэдрэмжтэй байдлаараа ялгарч чаддаг.

Нөгөөтээгүүр Фибигийн карьерын ид үед буюу 2010 онд загварын салбар одоогийнхоос ялгаатай байв. Фиби Файлогийн тухайн үеийн цуглуулгыг орчин үеийн нүдээр харах юм бол олон талт байдал үгүйлэгдэнэ. Түүний зөвхөн цагаан арьстай туранхай моделиудаар “Céline эмэгтэйг” төлөөлүүлдэг байсан нь 2010-аад онд асуудал биш байсан ч одоо энэ нь аливаа брэндийг үнэлэх шалгуур болон өөрчлөгджээ. Тухайн үед загварын орднууд хэн юу өмсөхийг тодорхойлдог систем үйлчилдэг байсан бол одоо хэрэглэгчдийн хүсэл сонирхол нэгдүгээрт тавигдах болжээ. Тиймээс Фиби эргэн ирэлтээрээ “хуучны” дүрмээрээ явах уу, эсвэл хувьслыг хүлээж аван шинэчлэлт хийх үү гэдэгт хүмүүсийн анхаарал чиглэж байсан юм.

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 5)
Céline 2010
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 6)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 7)

Фиби Файлогийн эргэн ирэлт


Phoebe Philo брэндийн анхны цуглуулгад багтсан тейлор хийцтэй шик хослолууд, oversize цүнхнүүд, дөрвөлжин хоншоорт өсгийтүүд, үслэг хүрэм нь дизайнерын баримталдаг “минимализм+гоо үзэсгэлэн+ухаалаг байдал” гэх илэрхийллийнх нь нийлбэр болжээ. Тэр дебют цуглуулгаараа wow эффект өгсөн нүсэр зүйлийн хойноос хөөсөнгүй. Харин гагцхүү эмэгтэйчүүд өдөр тутамдаа өмсөж болохуйц 34-44 размерын сонголттой “газартаа буусан” загварууд урлажээ. Тийм ч учраас хувцаснууд нь гарсан даруйдаа маш хурдацтайгаар борлуулагдаж дуусахаас ч өөр яах билээ.

Энэхүү цуглуулга нь уулга алдам хувьсал байсан уу гэвэл үгүй. Үнэндээ бидэнд хувьсал хэрэгтэй гэж үү? Олон арван загварын дэд урсгалууд улирлаас улирлын хооронд бий болж, өдрийн дотор мартагддагаас болж шинэчлэлээс бид залхсан гэхэд хилсдэхгүй. Магадгүй бид хөдөлгөөн хязгаарлаагүй эвтэйхэн эсгүүртэй, олон жилийн эдэлгээ даачих чанартай материалтай, өмсөж зогсоод толины өмнө харахад тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг зүгээр л гоо үзэсгэлэнтэй хувцсыг хүсэмжлэх болсон. Энэхүү хүслийг нь харин Фиби Файло сонссон гэлтэй.

Эцэст нь хэлэхэд бүтээлч захирлыг хувийн брэндийнх нь ердөө анхны цуглуулгаар дамжуулан түүний ур чадвар, алсын харааг дүгнэхэд хэтэрхий эртэднэ. Фиби Файло олон жил насжуулсан сайн чанарын дарс мэт байж чадах эсэхийг цаг хугацаа харуулах л үлдлээ.

Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 8)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 9)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 10)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 11)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 12)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 13)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 14)
Яагаад загварынхан Фиби Файлогийн эргэн ирэлтэд өндөр ач холбогдол өгч байна вэ? (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх