BTS-ийн Жонгүг дараагийн удаа ямар брэндийг төлөөлөх бол?
BTS хамтлагийн гишүүн Жонгүг өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий оддын нэг болж, тансаг зэрэглэлийн болон олон улсын томоохон брэндүүдийн анхаарлыг татсаар байна. Солонгос алдартнуудын өмссөн хүрэм, бугуйндаа зүүсэн цаг, хэрэглэсэн сүрчиг хүртэл зах зээлийг хөдөлгөх чадвартай болсон энэ цаг үед BTS хамтлагийн Жонгүг брэнд компаниудын хамгийн эрэлттэй нэрсийн нэг юм. Тэрээр 2023 оноос эхлэн Calvin Klein брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж, энэ хугацаанд хэд хэдэн амжилттай кампанит ажил өрнүүлсний зэрэгцээ, өнгөрөгч сар “Jung Kook for Calvin Klein” нэртэй хамтарсан цуглуулгаа танилцуулсан билээ. Тус брэнд олон жилийн турш залуу үеийн соёлын өнгийг тодорхойлж ирсэн бол Жонгүг энэ цагийн Korean Pop соёлын хамгийн нөлөө бүхий дүрүүдийн нэг юм. Иймдээ ч “Jung Kook for Calvin Klein” цуглуулга худалдаанд гарахад тэдний хамтын ажиллагаа ердийн сурталчилгааны гэрээнээс илүү зүйл болох нь тодорхой болсон билээ. Түүний загварын ертөнц дэх аялал үүгээр зогссонгүй. 2025 оны арван хоёрдугаар сард Chanel брэнд Жонгүгийг сүрчиг болон гоо сайхны бүтээгдэхүүнийхээ албан ёсны элч төлөөлөгчөөр сонгосноо зарласан юм. Францын загварын ордон болох Chanel олон арван жилийн турш кино жүжигчид, дуучид, урлагийн ертөнцийн онцгой эрхмүүдийг сонгож ирсэн түүхтэй. Тиймээс Chanel-ийн сонголт зөвхөн зах зээлийн шийдвэр биш, харин соёлын байр суурийн илэрхийлэл гэж бичих нь зүйтэй. Тэд энэ удаад Жонгүгийг сонгосон нь цагаа олсон мэт байв.
Сүүлийн жилүүдэд Солонгос болон Хятад гаралтай дэлхийн одууд нэгэн зэрэг хэд хэдэн брэндийн элч төлөөлөгчөөр ажиллах нь түгээмэл болсон. Гэхдээ энэ салбарт тодорхой дүрэм бий. Тухайлбал, нэг брэндийн сүрчиг эсвэл гоо сайхны бүтээгдэхүүнийг төлөөлж буй алдартан ижил төрлийн өрсөлдөгч брэндтэй зэрэг хамтрах боломж бараг байдаггүй. Цөөн үгээр Chanel-ийн сүрчиг сурталчилж байгаа хүн маргааш нь Dior-ийн сүрчгийн зураг авалтад оролцохгүй. Louis Vuitton-ий элч төлөөлөгч болсон хүн Loewe-г төлөөлөх нь боломжгүй. Угтаа загварын салбарын тэргүүн үнэт зүйл бол өөрсдийн гэсэн ондоошил, бусдаас ялгарах онцгой байдал бөгөөд брэндүүд тэр байдлаа маш хатуу хамгаалдаг.


Харин үүнийг харгалзан үзэж орчин үеийн брэндийн стратеги өөр чиглэл рүү хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, алдартнууд өөрсдийн имижийг хэд хэдэн ангилалд хуваан өөр өөр салбарын брэндүүдтэй хамтран ажиллах болсон. Загвар, гоо сайхан, үнэт эдлэл, бугуйн цаг, автомашин, гэр ахуй зэрэг салбарууд хоорондоо шууд давхцахгүй тохиолдолд нэгэн зэрэг хэд хэдэн хамтын ажиллагаа байгуулах боломжтой байдаг.
Үүний тод жишээ бол BLACKPINK хамтлагийн Лиса юм. Тэрээр Louis Vuitton-ийн элч төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ үнэт эдлэлийн Bulgari, гоо сайхны Shiseido зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг.
Жонгүгийн хувьд одоогоор Calvin Klein-ийн бэлэн хувцас, Chanel-ийн сүрчиг болон гоо сайхны бүтээгдэхүүн, Hublot-ийн бугуйн цаг зэрэг өөр өөр ангиллын брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Ийм нөхцөлд тэрээр ирээдүйд өөр төрлийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн тусгай кампанит ажилд оролцох, эсвэл автомашины салбарын томоохон брэндүүдтэй хамтрах боломж нээлттэй хэвээр байгаа юм. Gucci, Dior зэрэг нэрс үе үе фенүүдийнх нь дунд яригддаг ч үнэндээ түүний өмнө нээлттэй байгаа боломжууд үүнээс хавьгүй өргөн.


Энд G-Dragon-ыг дурдалгүй өнгөрөх аргагүй. Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болох G-Dragon карьерынхаа турш Chanel, Nike, Kappa, BMW, Tiger Beer зэрэг хоорондоо ялгаатай салбарын олон улсын брэндүүдийг төлөөлөн ажиллаж ирсэн. Түүний жишээ нь дэлхийн хэмжээний одууд нэгэн зэрэг хэд хэдэн салбарт өөрийн үнэ цэнийг бий болгож чаддагийг харуулдаг. Тиймээс Жонгүгийг ирээдүйд Mercedes-Benz, Heineken эсвэл өөр олон улсын хэмжээний брэндийн төлөөлөгчөөр харах боломж бидэнд бүрэн бий. Мэдээж энэ бүхэн одоогоор таамаг төдий боловч брэндүүдийн маркетингийн стратеги болон түүний дэлхий дахинд хүрсэн нөлөөг харгалзан үзвэл ийм хамтын ажиллагаанууд бодит байдал дээр хэрэгжих магадлал өндөр байна.


Одоогоор бидэнд үлдэж буй хүлээлт бол дэлхийн хамгийн эрэлттэй оддын нэг болсон Жонгүг дараагийн удаа ямар брэндтэй хамтран ажиллахыг ажиглах явдал юм. Гэхдээ нэг зүйл тодорхой. Өнөөдөр дэлхийн брэндүүд зөвхөн бүтээгдэхүүнээ сурталчлаад зогсохооргүй хамтралын бодлоготой болсон. Тэд түүх, урлагийн дүр төрх, нөлөөг худалдаж авдаг болжээ. Харин Жонгүгийн хувьд тэр бүгдийг нэг дор агуулсан хүмүүсийн нэг болоод буй.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт