H&M брэнд fast fashion өнгө төрхөө шинэчлэхээр бэлдээд байна
Fast fashion брэндүүд өөрсдийн өнгө төрхийг илүү ухамсартайгаар шинэчлэн, шинэ журмууд танилцуулж эхлээд байна. Энэ дунд нэрт дизайнер Стелла Маккартни H&M брэндтэй 20 жилийн дараа эргэн нэгдэх болсон нь загварын салбарт анхаарал татсан үйл явдал боллоо.
Зургийн тайлбар: Хамтарсан цуглуулгын нээлт дээр Реней Рапп, Марк Ронсон, Ясмин Вижналдум, Жанель Монэ, Лила Мосс, Амелиа Грей болон Шарлотт Лоуренс нар зочноор уригджээ.


H&M-ийн дизайны багийн онцолсноор, алдартнуудыг зөвхөн сурталчилгаанд тоглуулах тогтсон хэв маягаас татгалзаж, тэдэнд "бүтээлч эрх чөлөө"-г өгч хамтран ажиллах тал дээр илүү төвлөрч байгаагаа онцолжээ. Энэ нь хэрэглэгчдэд зүгээр нэг хувцас биш, харин тухайн уран бүтээлчийн хамтарсан бүтээлч ажлыг нь худалдаж авах боломжийг олгож буй хэрэг хэмээн тодруулж байлаа.
Уг бодлогын хүрээнд бүтээлч хамтралууд амжилттай үргэлжилсээр байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Америк тивд нээлтээ хийж, уг тэмцээний албан ёсны дуу болох "Goals" -ийг Бразилын поп од Анитта хамтарсан уран бүтээлчидтэй танилцуулахдаа H&M Studio-ийн тусгай загвараар гоёжээ. Тэмцээний тухай бодоход баяр баясгалан, хүсэл тэмүүлэл, бахархал хамгийн түрүүнд санаанд ордог ба яг тэр мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон хэмээн стилист Жанель Миллер дурдаж байв.



Мөн нэрт гэрэл зурагчин Рафаэль Паваротти уг брэндтэй хамтран H&M and NEW YORK, H&M and RIO зэрэг кампанит ажлууд дээр хамтарчээ. Хэрэглэгчдэд өндөр зэрэглэлийн кутюр брэндийн хямд хуулбарыг зарахын оронд загварын нөлөө бүхий эрхмүүдтэй хамтран шинэлэг бүтээгдэхүүнүүдийг дундаж үнээр борлуулсан нь эерэг өөрчлөлтийн эхлэл болж чадаж байгааг хэрэглэгчид дурджээ. Энэ нь gen Z үеийнхний бүтээлч хэв маягийг илүүд үзэх, хөдөлмөрийг шударгаар үнэлэх болон байгаль орчинд хор хөнөөл багатай байх гэсэн шаардлагуудтай уялдуулах гүүр болж өгч байгаа талаар эх сурвалж дээр дурдсан байна.











Энэ нь H&M брэндийн хувьд зөвхөн худалдаанд зориулсан олон тооны чанаргүй бараа үйлдвэрлэдэг гэх өнгө төрхөө өөрчлөхөөр ажиллаж буй шинэчилсэн бодлогын үргэлжлэл билээ.
Гэсэн ч H&M брэнд масс үйлдвэрлэлээс бүрмөсөн татгалзаж чадах уу гэвэл үгүй. Учир нь уг брэндийн бизнесийн гол хөдөлгүүр нь масс борлуулалт хэвээрээ аж. Гэвч тэд хувцсыг хэрхэн бүтээж буй арга барилаа өөрчилж, ухамсартай алхам бүрээр бага багаар урагшлахаар шийджээ. 2026 онд H&M брэнд үйлдвэрүүдээ Европ руу илүү ойртуулж Турк, Португал, Марокко зэрэг улсууд руу шилжүүлснээр тээвэрлэлтийн утааг багасгах ба нийт үйлдвэрүүдийнхээ тал хувьд дахин боловсруулсан материалын стандарт (RCS) мөрдүүлж эхэлсэн байна.
Үүнээс гадна, H&M сангаас зохион байгуулдаг Global Change Award 2026 уралдаан нь хөдөө аж ахуйн хаягдлаас утас гаргаж авдаг Canvaloop, хиймэл оюун ухаанаар дахин боловсруулалт хийдэг RheaCycle зэрэг биотехнологийн компаниудад асар их хөрөнгө оруулалт хийж буй. Брэндийн эцсийн зорилго бол 2030 он гэхэд 100% тогтвортой эсвэл дахин боловсруулсан материал ашигладаг болох тухай тайлагнажээ.
Жонатан Андерсон UNIQLO брэндтэй хамтарч өдөр тутмын чанартай хэрэглээнд бүтээлч “хувилбар” оруулсан бол Mango брэнд 40 жилийн ойгоороо поп од, бүтээлч захирал Викториа Бэкхамтай хамтарч, 1970-аад оныг санагдуулам загваруудаа танилцуулж байсан билээ. Мөн загварын салбарын 2026 оны хамгийн шуугиан дагуулсан мэдээ болох Жон Галлиано Zara брэндтэй хамтран ажиллах болсон нь одоог хэр нь хэн бүхний хүлээлтийн хамт анхаарал татсан сэдэв хэвээр байна. Fast fashion брэндүүд бүтээлч баг хамт олонтой хамтран ажиллаж, өөрсдийн хэв маягийг тогтмол шинэчилж байгаа нь зөвхөн борлуулалтад суурилсан биш, цаг үедээ зориулсан үйлдвэрлэлийн шинэчлэлт, материал сонголт болон ажиллах хүчний шаардлага зэрэг шат бүхэндээ шинэчлэлт хийхийг уриалж байгаа нь цаашид чанартай, загварлаг хэр нь “таатай” үнэ бүхий худалдан авалт хийх боломжийг өөрсдөөрөө үлгэрлэн шинэчилж байгаа нь fast fashion cалбар дахь том шинэчлэлтүүдийн нэг яахын аргагүй мөн билээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт