Хайх

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд

Олонд төдийлөн танигдаагүй ч өсөх ирээдүйтэй брэндүүд

Text: Buro.Mongolia


By Far

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 1)

By Far брэндийг 2016 онд Болгар улсын гурван бүсгүй хамтран үүсгэн байгуулсан билээ. Анхны загвараа танилцуулаад жил ч өнгөрөөгүй байтал брэндийн гуталнууд Net-a-Porter ба Moda Operandi дэлгүүрүүд дээр борлуулагдаж эхэлсэн. Ретро загваруудыг орчин үеийн уур амьсгалд оруулан өдөр тутамд өмсөх боломжтой гутал болгон хувиргадаг By Far брэнд саяхнаас гар цүнх гаргаж эхэлсэн ба цүнх ба гуталнуудаа Итали улсад үйлдвэрлэдэг байна.

Хаанаас худалдаж авах вэ: net-a-porter, byfarshoes.com

Ямар үнэтэй вэ: $385 - $530

Midnight 00

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 2)

Ugly shoes болон болхи загварын пүүз тренд болж байгаа энэ үед үүнээс эсрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг брэндүүд ихэд сонирхол татаж байна. Midnight 00 брэндийг street style од, стилист Ада Кокосар үүсгэн байгуулсан бөгөөд Мария-Антуанеттаг санагдуулам үлгэрийн гэмээр туфли, гуталнуудаараа танигддаг байгаа. Брэндийн санал болгох зарим загварууд нимгэн хуванцар материалаар ороогдсон байдаг нь гутлыг ус, шороо болон "үдэшлэгийн дараах үр дагавраас" хамгаалах зорилготой аж.

Хаанаас худалдаж авах вэ: matchesfashion.com

Ямар үнэтэй вэ: $843 - $2385

idée fixe

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 3)

idée fixe брэндийн ард өөгүй төгс стильтэй гурван Гүрж бүсгүй бий. Саломе Садунишвили, Тика Кереселидзе ба Нинуца Ивардава нар ээлжит гутлын дизайныг гаргахдаа сибуй хэмээн нэрлэгддэг Японы энгийн, даруухан гоо зүйн чиглэлийг баримталдаг аж. idée fixe брэндийн гутал бүр Гүрж улсад гар аргаар хийгддэг бөгөөд маш энгийн, цэмцгэр, өвөрмөц дизайнаараа ялгардаг билээ.

Хаанаас худалдаж авах вэ: ideefixe.ge

Ямар үнэтэй вэ: $165 - $240

Neous

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 4)

Neous брэндийг өмнө нь Их Британийн Harper's Bazaar-т ажиллаж байсан Ванисса Антониус болон Флоренцод загвараар сурч, Nicholas Kirkwood брэндэд ажиллаж байсан Австрали гаралтай Алан Буанне нар хамтран үүсгэн байгуулсан юм. Дизайнерууд Баухаус гэх Германы энгийн бөгөөд амьдралд ойр гоо зүйн үзлээс санаа авч, нэмэлт чимэглэл багатай, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой гуталнууд урладаг байгаа. Гэхдээ Neous-ийн гуталнууд маш өвөрмөц хэлбэрийн өсгийтэй тул загварууд хэзээ ч уйтгартай харагддаггүй том давуу талтай.

Хаанаас худалдаж авах вэ: mytheresa.com, brownsfashion.com, neous.co.uk

Ямар үнэтэй вэ: $555 - $1110

Coliac

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 5)

Coliac-ийг өмнө нь Christian Louboutin, Stella McCartney ба Jean-Paul Gaultier брэндүүдэд ажиллаж байсан Мартина Грассели үүсгэн байгуулсан юм. Дизайнер эмээгийнхээ нэрээр брэндээ нэрлэсэн бөгөөд анх гоёл чимэглэлээр дагнан ажилладаг байсан ч, удалгүй гутал гаргаж эхэлснээр салбартаа алдар нэр олсон байдаг. Fernanda хэмээх эрэгтэй стилийн ботинк брэндийн бестселлер загвараар нэрлэгддэг байгаа.

Хаанаас худалдаж авах вэ: Leform, farfetch.com, luisaviaroma.com

Ямар үнэтэй вэ: $604 - $998

Dear Frances

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 6)

Брэндийн үүсгэн байгуулагч Жейн Фрэнсис нь slow fashion хөдөлгөөний дэмжигч юм. Dear Frances-ийн гуталнууд Италийн хойд зүгт цөөн тоо ширхгээр үйлдвэрлэгддэг бөгөөд минимал, хөлд эвтэйхэн дизайнаараа алдартай. Түүнчлэн Dear Frances брэнд нь борлуулагдсан гутал бүрийн орлогоос Soles4Souls санд хандивлаж, ядуу орнуудын иргэдийг гутлаар хангадаг байгаа.

Хаанаас худалдаж авах вэ: dearfrances.com

Ямар үнэтэй вэ: $275 - $795

ATP Atelier

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 7)

Та ATP Atelier брэндийн гутал ба цүнхнүүдийг аль хэдийнэ Скандинавын street style зургууд дээрээс харсан байх магадлалтай. Брэндийн төв байр Швед улсад байрладаг ч гуталнуудыг Италийн Апулия дахь Отранто хотод үйлдвэрлэдэг байгаа. ATP Atelier-ийн үүсгэн байгуулагчид загварын салбарт 40 гаруй жил ажилласан туршлагатай төдийгүй гуталнуудаа Швед маягийн нямбай хандлагаар бүтээдэг тул загвар бүр нь олон жил эдлэгдэх сайн чанартай, хөлд эвтэйхэн байдгаараа онцлог.

Хаанаас худалдаж авах вэ: atpatelier.com, farfetch.com, net-a-porter.com

Ямар үнэтэй вэ: $185 - $380

Reike Nen

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 8)

Солонгосын гутлын брэндүүд сүүлийн үед дэлхийд алдартай болж байна. Энэ нь Yuul Yie, Flat Appartment ба Reike Nen брэндүүдийн ач гавья гэж хэлж болно. Эдгээр гурван брэндийн үүсгэн байгуулагчид хоорондоо дотнын найзууд хэдий ч, бүтээдэг гуталнууд нь дизайнаараа ялгардаг. Yuul Yie өвөрмөц хэлбэрийн өсгий дээр анхаарлаа хандуулдаг бол, Flat Appartment 1990-ээд оны дизайн ба тод өнгөнүүдээр дагнадаг. Харин Reike Nen өвөрмөц материал ашиглах дуртай.

Хаанаас худалдаж авах вэ: modaoperandi.com, farfetch.com, shopbop.com

Ямар үнэтэй вэ: $308 - $489

Rombaut

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 9)

Анх байцааны навч хэлбэрийн дизайнтай хөгжилтэй гутал гаргаснаар олны анхаарлыг татсан Rombaut брэндийг өмнө нь Lanvin ба Damir Doma орднуудын гутлыг зохион бүтээдэг байсан дизайнер Мэтс Ромбо үүсгэн байгуулсан билээ. Rombaut-ийн гуталнууд байгалийн гаралтай, хүрээлэн буй орчинд хоргүй, биологийн задралд ордог материалаар хийгддэгээрээ онцлог. Тодруулбал наргил модны самар, хан боргоцой, гадил ба төмсний хальсаар гутлын материал гаргаж авдаг байна. Гэсэн ч брэнд маш футуристик дизайнтай загварууд санал болгодог төдийгүй алдартнуудын сэтгэлийг аль хэдийнэ булаагаад амжсан. Жишээ нь Белла Хадид брэндийн Boccaccio пүүзийг тогтмол өмсдөг байгаа.

Хаанаас худалдаж авах вэ: rombaut.com, farfetch.com

Ямар үнэтэй вэ: $300 - $650

Labucq

Загварлаг бүсгүйн анхааралдаа авах 10 шинэ гутлын брэнд (фото 10)

Үйл ажиллагаагаа явуулж эхлээд дөнгөж сар болж байгаа Labucq брэндийг өмнө нь Rag & Bone брэндийн гутлын хэлтсийг хариуцан ажиллаж байсан Лорен Буке үүсгэн байгуулсан юм. Тэрээр Rag & Bone брэндэд арав гаруй жил ажиллахдаа 2009 онд Newbury гэх тухайн үеийн томоохон тренд гутлыг сэдэж байсан туршлагатай. Labucq брэндийнхээ хүрээнд дизайнер юуны түрүүнд гутлын хөлд эвтэйхэн чанарт анхаардаг байгаа.

Хаанаас худалдаж авах вэ: labucq.com

Ямар үнэтэй вэ: $195 - $495

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх