Хайх

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна

Text: Ц. Усанболор


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны хоёрдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.


Хонь

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 1)

Хоёрдугаар сард хонины ордныхны хувьд олон хүсэл мөрөөдлийг биелүүлсэн сар болох төлөвтэй. Учир нь ихэнх гарагууд агаар бие махбодтой Бумбын орд руу шилжилт хөдөлгөөнийг хийнэ. Сарын 20-ны өдрийг хүртэл хонины ордныхон олон өөрчлөлтүүдийг хийх болно. Нөгөөтээгүүр илүү эрч хүчтэй, нийгмийн байр байдал батжиж, идэвхэжнэ. Энэ сар таны өмнөө тавьсан зорилго, зорилтууд биеллээ олно. Мөн энэ үед орон байрны асуудал дээрээ илүү анхааралтай хандах шаардлагатай. Буд гараг ухрах хөдөлгөөнийг энэ сар хийж байгаа нь сарын сүүл үеэр илүүтэй мэдрэгдэнэ. Тэгэхээр энэ үеэр аливаа зүйлийг хаяж үрэгдүүлэхээс сэргийлж, хэн нэгэнтэй маргаан үүсгэх, сөргөлдөх, амлалт өгөхөөс зайлсхийгээрэй. Ангараг гараг ихэнх сарын турш Бумбын ордод байрших тул зорилгынхоо араас явах, тууштай тэмүүлэх, аливаа асуудлын гарц гаргалгааг олж харах боломжийг олгоно. Энэ үед найз нөхөд, дотны хүрээлэл тань нэмэр нөлөө үзүүлэх болно. Хоёрдугаар сарын 13-нд Санчир гараг шилжилт хөдөлгөөнийг таны ордод хийх ба энэ үе таны хувьд хамгийн чухал үе гэж хэлж болно. Аливаа зүйлд хандах хандлага дээрээ анхаарч, илүү анхаарал сэрэмжтэй байж, өөрийгөө хөгжүүлэхэд нэн таатай.


Үхэр

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 2)

Үхрийн ордныхны хувьд ямар нэгэн байдлаар өөрийн зорилгодоо хүрэхийн тулд илүү шийдэмгий, нухацтай, бодлоготой алхмыг хийх хэрэгтэй үе тохиож байна. Хоёрдугаар сард ажил, карьер дээрээ илүү хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Нөгөөтээгүүр энэ сард хэрүүл маргаанаас зайлсхийх шаардлагатай. Гэр бүл, эцэг эхтэйгээ харилцах харилцаа дээрээ анхаарч, тэдэнд илүү их цагийг зарцуулахыг зөвлөж байна. Таны хувьд хийж байгаа бүх зүйл тань хүмүүсийн нүдэн дээр ил тод харагддаг тул бусдаас ямар нэгэн шүүмж хүлээж авахаас цааргалах хэрэггүй. Энэ нь танд сөрөг нөлөө бус эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг санаарай. Хоёрдугаар сар бүхэлдээ үхрийн ордынхны хувьд ажил карьер, нийгэмд эзлэх байр сууриа илүү тодорхойлох, өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах боломжтой сар байх болно. Сарын 17-ны өдөр нар хиртэх үеэр үхрийн ордныхны хувьд хамгийн том шийдвэр гаргах боломжийг олгож байна. Сарын сүүл үед таны санхүүгийн байдал илүү таатай байх төлөвтэй байна.


Ихэр

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 3)

2026 оны хоёрдугаар сар ихрийн ордныхны хувьд хүсэл зорилгоор дүүрэн, аз хийморьтой сар байх болно. Буд гараг Бумбын орд руу шилжилт хөдөлгөөн хийх ба үүний нөлөөгөөр таны амьдралд зөв ухагдахууныг өгч, оновчтой шийдвэр гаргахад тус болно. Энэ үед бусдад заах, үзэл бодлоо тулгахаас зайлсхий. Бусдыг шүүмжлэхээс өмнө өөрийнхөө харсан зүг чигт, эерэг өөрчлөлтийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд илүү зоригтой алхам хийх шаардлагатай. Хоёрдугаар сарын 17-нд нар хиртэх тул энэ үед та өөрт эерэг өөрчлөлтүүдийг татаж, эрчим хүч, энергийг мэдрэх болно. Сарын сүүл үед ажил карьер, албан тушаал, амьдрал, нийгэмд эзлэх байр суурь тань тогтворжиж эхэлнэ. Буд гараг таны ордыг удирддаг ба сарын сүүлээр ухрах хөдөлгөөнийг хийнэ. Тиймээс энэ үеэр яаран шийдвэр гаргалгүй, урьдын төлөвлөж байсан зүйлсээ үргэлжлүүлэн хийхэд хангалттай. Энэ сар бол таны хувьд байр суурь, боломж бололцоо, карьерын өсөлтүүдийг өгөх болно.


Мэлхий

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 4)

Хоёрдугаар сар мэлхийн ордныхны хувьд бүхэлдээ өөрийн дотоод сэтгэлээ сонссон сар байх болно. Энэ сар та өмнө нь олж хараагүй гарц гаргалгааг олж харж, зөв шийдвэрүүдийг гаргах эерэг нөлөө үзүүлнэ. Таны хувьд хоёрдугаар сар бол бүхэлдээ сэтгэлзүйн аливаа асуудлуудаа хөнгөлөх, өөрийгөө бусдаас  чөлөөлөх, өөрт тулгамдаад байгаа саад бэрхшээлүүд яагаад үүсээд байна вэ гэдгээ илүү ойлгох болно. Хоёрдугаар сарын 17-нд нар хиртэх ба энэ хиртэлт өөрийн бодол санаа, сэтгэлзүй рүү илүү их өнгийж, дотоод хүнээ сонсож сурах боломжоор хангаж байна. Эрүүл мэндийн хувьд бүх зүйл танаас хамаарна гэдгийг сана. Өөртөө анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарал хандуулж эхлэхэд эрүүл мэндийн хувьд эерэг өөрчлөлтийг татах болно. Түүнчлэн сарын дундаас эхлэн эцэг эх, гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулах шаардлагатай. Ингэснээр эцэг эх, гэр бүлийн харилцаа сайжирч, тэднээс сэтгэлийн дэмжлэг хүртэх болно.


Арслан

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 5)

Арслангийн ордныхны хувьд 2026 оны хоёрдугаар сар бүхэлдээ том өөрчлөлтийн сар байх болно. Ялангуяа сарын эхний арван хоногт төрсөн хүмүүсийн хувьд илүү олон боломжууд гарч ирнэ. Мөн хоёрдугаар сарын 17-ны өдөр нар хиртэх үеэр танд эерэг нөлөө мэдрэгдэх болно. Ганц бие арслангийн ордныхонд шинэхэн учрал тохиож, гэр бүлтэй арслангийнхны хосын харилцаа улам батжих болно. Хиртэлтийн үйл нөлөө шууд дараагийн хоёроос гурван саруудад мэдрэгдэж, нөлөөгөө үзүүлсээр байна. Мөн та энэ сар амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргах үе гэж хэлж болно. Учир нь энэ сар таны агаар махбодууд идэвхэжиж илүү эрч хүчтэй, илүү зорилготой, илүү шийдэмгий болоход томоохон нөлөө үзүүлнэ. Харин санхүүгийн байдал бусадтай хамтарч ажилласнаа илүү идэвхтэй болж, санхүүгийн асуудлуудаа бүрэн шийдвэрлэж чадна. Мөн энэ үед орон байраа солих, шинэчлэх тал дээр онцгой шийдэл гаргаж, өөрчлөлтүүдээр дүүрэн сар байх болно.


Охин

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 6)

Хоёрдугаар сар бүхэлдээ охины ордныхны хувьд завгүй, ундарсан сар байх төлөвтэй байна. Гараг эрхэм энэ сар таныг өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг сануулж байна. Хууч өвчин сэдрэх, бэртэл гэмтэл авах магадлалтай тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөе. Мөн эрүүл мэнд төдийгүй ажил карьер, хувийн амьдрал зэрэг дээр анхаарал хандуулах шаардлага гарах тул зөв зохион байгуулалттай байж чадвал бүх тэнцвэрээ хадгалж чадна. Сарын дундад нар хиртэх үед найз нөхдийн хүрээлэл,  нийгмийн харилцаа тань идэвхжих ба энэ үед та ажлаа солих, орон байраа солиход тохиромжтой. Хоёрдугаар сар бүхэлдээ таныг сорьж буй мэт болов ч та үүнийг даван гарсны дараа гайхалтай үр дүнг хүртэх болно. Тиймээс яарч, сандарч, тэвдэхээс илүүтэй юу танд үнэхээр хэрэгтэй байна вэ гэдгийг ялгаж чадвал хоёрдугаар сар таныг бүхэлдээ ивээх болно.


Жинлүүр

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 7)

Жинлүүрийн ордныхныг тун таатай сар угтаж байна. Хоёрдугаар сар танд азын үүд хаалгаа нээсэн сар байх болно. Ганц бие жинлүүрийн ордныхон хайр дурлалтай учрах бол гэр бүлтэй ордныхны хувьд харилцаа идэвхжиж, эерэг нөлөөг татна. Хоёрдугаар сарын 13, 17, 26 гэх өдрүүдэд гол үйл явдлууд өрнөнө. Энэ үед тогтмол хийдэг үйлдлээ өөрчлөвөл зохиолтой. Тухайлбал өдөр бүр ажил, гэр гэсэн хэмнэлээ багахан өөрчилж, өөртөө цаг гаргах хэрэгтэй. Энэ сар танд болзоонд явах, дуртай зүйлээ хийх боломжоор хангаж байна. Тиймээс эзэгтэй, ээж, ажилтан гэх ойлголтоос өөрийгөө чөлөөлж, нуруу нь дээрх ачаагаа хөнгөлөхийг зөвлөж байна. Мөн өөрийгөө илүү дайчилж, ажил албан тушаал ахиж, өөрийгөө шинээр нээхэд бүрэн таатай үе тохионо.


Хилэнц

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 8)

Хоёрдугаар сар таны гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлсэн цаг мөчөөр хэмжигдэнэ. Ажил карьер болон гэр бүлийн тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатай. Энэ сар таны хувьд орон байраа засах, солих, нүүхэд тохиромжтой үе тохиож байна. Нөгөөтээгүүр өнгөрсөн хугацаанд өөртөө хэт их хатуу хандаж байсан бол үүнээсээ өөрийгөө чөлөөлөх, өөрийгөө хайрлах совин нэмэгдэнэ. Хоёрдугаар сарын 13-ны өдөр Санчир гараг шилжилт хөдөлгөөн хийх үед газар нутаг солих, ажлын байраа солих өөрчлөлтүүд үүсэж болно. Хэрэв ажлын байраа солихгүй, хийж буй ажлаа үргэлжлүүлэх бол илүү хянамгай, анхааралтай байхыг зөвлөж байна. Олон зүйл зэрэг хийж хэт ачаалалд автан ядаргаанд орж мэдэх тул сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Нум

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 9)

Энэ сар нумын ордныхны хувьд 2026 оны хамгийн чухал саруудын нэг болох ба таны хувьд тун чиг завгүй сар байх төлөвтэй. Ажил карьер, шинэ санаа, хэтийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай ба илүү нарийн төлөвлөгөө гаргаж ажиллавал эерэг үр дүнд хүрнэ. Мөн хоёрдугаар сард шинэ бизнес эхлүүлэх, аливаа бүтээлч ажил эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Сарын дунд үед Санчир гараг шилжилт хөдөлгөөн хийх тул энэ үед эрч хүч урам зоригоор хангагдаж, шинэ зүйлс сурахад нэн тохиромжтой нөхцөл бүрдэнэ. Өмнө нь онош нь тодордоггүй байсан эмгэг зовуурь тань оношлогдож бүрэн эдгэрнэ. Энэ үед та өөрийнхөө дотоод сэтгэлзүйг сонсож, дотоод хүчээ нөөж сурах, тулгараад буй дотоод сэтгэлийн асуудлуудаа эргэцүүлэх шаардлагатай. Таны бодсон бүх зүйл ажил хэрэг болоход хамгийн таатай сар гэдгийг мөн мартуузай.


Матар

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 10)

Хоёрдугаар сар матрын ордныхны хувьд санхүүгийн сорилттой сар болох төлөвтэй. Энэ сар үнэт зүйл худалдан авах, ирээдүйд үнэ хүрэх томоохон хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Нөгөөтээгүүр амьдралаа илүү тогтвортой, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд улам хичээж, шинэ боломжуудыг эрэлхийлсэн сар байх болно. Мөн энэ үед өөрийн хэлж буй зүйлсийг анхаарч бусадтай маргалдах, үл ойлголцох магадлалтай тул өөрийн үгээ цэгнэх хэрэгтэй. Таны бодол санаанд үүсээд байсан саадууд хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн шийдэгдэж эхэлнэ. Гэр бүлийн асуудлууд ээлж дараатайгаар шийдэгдэж, эерэг энергийг авчирна. Энэ үед илүү шийдэмгий, зоригтой алхмуудыг хийхэд дараа дараагийн саруудад үр дүнгээ өгч эхлэх болно.


Хумх

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 11)

Хумхын ордныхны хувьд хоёрдугаар сар энэ оны хамгийн таатай саруудын нэг байх болно. Нар хумхын ордод байршиж байгаа тул бие болоод сэтгэлийн хүч, ажил карьерын хувьд эрч хүчтэй сар болж байна. Сугар, Буд, Ангараг гэх чухал гарагууд таныг ивээж байгаа тул ярих, хэлэх, уулзах, хийх, төлөвлөх, бүтээх бүхий л үйл тань идэвхтэй болно. Харин сарын сүүл үед Буд гараг ухрах хөдөлгөөн хийж байгаа тул энэ үеэс санхүүгийн асуудлууддаа илүүтэй анхаарахыг зөвлөж байна. Мөн энэ сар бусдыг хүлээх биш, өөрөө түрүүлж ямар нэг алхам хийснээр та илүү эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Мөн ажил карьерын хувьд бусдаас илүү онцгой, олны анхаарлын төвд байх тул олон боломжууд ч гарч ирэх магадлалтай. Тиймээс албан тушаал ахих, шинэ ажилд орох, шинэ бизнес эхлүүлэхэд нэн тохиромжтой.


Загас

Хоёрдугаар сарын зурхай: Эрч хүч, эерэг зүйлсээр дүүрэн үе тохиож байна (фото 12)

Энэ сар таны хувьд амрах, алжаалаа тайлах, амсхийх сар тохиож байна. Та урт хугацааны турш Санчир гарагийн эрхшээлд байсан нь маш их хүндрэл, саад бэрхшээл, гацаатай үеийг амссан байж болох. Тус гараг хоёрдугаар сарын 13-ны өдөр шилжилт хөдөлгөөн хийж, таны ордоос гарснаар та өөрийгөө амрааж, сэтгэл, бие махбодоо чөлөөлөх боломж бүрдэж байна. Гэхдээ томоохон ажил эхлүүлэх хараахан болоогүй гэдгийг анхаараарай. Ажил карьертаа анхаарал хандуулахаас илүүтэй, өөртөө анхаарал хандуулаарай. Урт хугацааны турш сурсан, мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, ирээдүйд олон гайхамшигтай эерэг үйл явдлууд таныг хүлээж байна. 


ЭНЭ САРЫН ОНЦЛОХ ӨДРҮҮД

Хоёрдугаар сарын 13 - Санчир гараг шилжилт хөдөлгөөн хийнэ.

Хоёрдугаар сарын 17 - Нар хиртэнэ.

Хоёрдугаар сарын 26 - Буд гараг ухрах хөдөлгөөн хийнэ.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх