Хайх

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ?

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ?

Шинжлэх ухааны ачаар

Text: Ж.Чинбат


Зураг: Зураач Б.Хонгорзулын бүтээлүүдээс ашиглав

Дэлхий даяар “үргүйдэл” гэдэг эмзэг асуудалтай 80 сая гэр бүл бий. Дээр нь нийт монголчуудын 13 хувь нь буюу 400 орчим мянган хүмүүс хэрхэн үр хүүхэдтэй болох вэ хэмээн эмчээс, идтэй шидтэй хүмүүсээс асууж сууна. Тэгвэл тэдгээр хүмүүст итгэл найдвар өгөх хуруу шилний аргаар хүүхэд хэрхэн төрүүлдэг тухай эндээс уншаарай

Хүүхэдтэй болохын хүслэн болсон хүмүүст шинжлэх ухааны зүгээс өгсөн хамгийн баталгаат хариулт бол 2010 онд Нобелийн шагналын анагаах ухааны салбарт ялсан "Хуруу шилэнд үр тогтоох" буюу зориудаар үр тогтоох арга юм.
Хүн амьдралдаа мод тарих, ном бичих, хүүхэдтэй болох гэсэн гурван зүйлийг хийсэн байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл мод тарих, ном бичихийг хүн хүсэх л юм бол ядах зүйлгүй хийж дөнгөх байх. Харин яагаад ч юм бэ "ээж болох эрхгүй" төрсөн бүсгүй хүнд ямар боломж байгаа бол? Эмэгтэй хүнээс гадна бүх амьдралаа холбосон хайртай эр нөхөр нь мөн үр удмаа үлдээх чадваргүй байх тавилан үнэхээр харамсалтай ч гэлээ "Амьд хүн аргатай" гэдэг үнэн ажээ. Энэ бол хуруу шилэнд үр тогтоох арга юм. Гол нь үүнийг хэрхэн хийдэг вэ гэдгийг олон хүн мэддэггүй.  Энэ талаар бид Баянгол эмнэлэгийн мэргэжилтнүүд, Ануухай эмнэлэгийн нөхөн үржихүйн эндокрикеологич Б.Баярмаа нарын тайлбар болон ОХУ-гийн шинжлэх ухааны сэтгүүлүүдээс эмхэтгэн бэлтгэлээ.

Амьдрал, хувь тавилан бэлэглэгчид

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ? (фото 1)

Үр хөврөл судлаач буюу эмбриологч, Английн эрдэмтэн Роберт Эдвардс, Патрик Стептоутай хамтран "Хуруу шилэнд үр тогтоох" аргыг боловруулсан юм. Эдвардс, Стептоу нарын ачаар дөрвөн сая гаруй хүүхэд хорвоод мэндэлж, энх тунх амьдарч байгаа болохоор үнэхээр тэд Нобелийн шагналын эзэд болох нь зүй ёсны хэрэг.
Уэльсийн болон Эдинбургийн их сургуулийг төгссөн Жефри Эдвардс 1955 онд хулганы үр хөврөлийн сэдвээр докторын зэрэг хамгаалснаар үр хүүхдийн мөрөөсөл болсон олон сая хүний итгэл найдварыг биелүүлэх замаа эхлүүлжээ. 

Энэ талаар бодож байсан хүн олон ч зөвхөн Эдвардс л лабораторын нөхцөлд бодитой алхам хийжээ. 1967 онд тэрбээр хүний өндгөн эсээр хуруу шилэнд үр тогтоож чадлаа. Гэвч тухайн үед мэс заслын аргаар авсан өндгөн эсийг тэр ашигласан нь анагаах ухааны практикт ашиггүй байжээ. Тэгэхээр эмэгтэй хүнд гэмтэл учруулахгүйгээр өндгөн эсийг хэрхэн салгаж авах вэ?

Католик шашны шинжлэх ухаанд үзүүлэх дарамт энэ аргыг ч тойрохгүй эрс үгүйсгэсэн боловч дэлхийн олон оронд түгэн дэлгэрчээ

Гэтэл маш нарийн нүхээр мэс засал хийх аргыг анхлан сэдэгчдийн нэг Патрик Стептоугийн "Лакароскопын аргыг эмэгтэйчүүд ашиглах нь" нэртэй ном Эдвардсын анхааралд өртжээ. Үргүйдлийг эмчлэх амжилттай аргыг амьдралд нэвтрүүлэхэд тус болох хүн Стептоу гэдгийг Эдвардс дор нь ойлгож, түүнтэй холбоо барин, хамтран ажиллаж эхлэв. Шинжлэх ухаанч хүчин чармайлт хуруу шилэнд үр тогтоох аргыг амжилттай хэрэгжүүлэхэд эх болон ирээдүйн хүүхдийн амь насанд учирч болох аюул биш харин шашны зүгээс ирэх эсэргүүцэл, дарамт саад болно гэдгийг тэд мэдсэнгүй.

Британы анагаах ухааны зөвлөл 1976 онд тэр хоёрын хамтын ажиллагааг санхүүжүүлэхээ зогсоолоо. Тэд хуруу шилэнд үр тогтоох арга ирээдүйн ямар эрсдэл дагуулах нь тодорхойгүй учраас энэ туршилт, судалгааны ажил ирээдүйгүй гэж үзэж байв. Гэвч Эдвардс, Стептоу нар таван жил боловсруулсан технологио 1976 онд бодитойгоор туршжээ.

Анхны " Хуруу шилэнд" үр тогтоосон хөврөл хэдэн долоо хоногийн дараа аяндаа зулбасан бол хоёрдахь оролдлогоор савны гадуур жирэмслэлт болсон тул дахин зогсооход хүрчээ. Гэвч 1978 оны долдугаар сарын 25-нд Лесли, Жон нарын гэр бүлд дэлхийн анхны "Хуруу шилний хүүхэд" төрсөн байна. Католик шашны шинжлэх ухаанд үзүүлэх дарамт энэ аргыг ч тойрохгүй, эрс үгүйсгэсэн боловч дэлхийн олон оронд энэ арга түгэн дэлгэрчээ. Улмаар зориудаар үр тогтоох арга нь үргүйдлийн эсрэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл болоод зогсохгүй ямар ч сөрөг нөлөөгүй гэдгээ батлаж чадсан байна.

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ? (фото 2)

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдэл нь эцэг, эх болох хоёр хүний аль алинаас нь шалтгаалдаг. Үүнд тухайн хүний бие төрөлхийн эмгэгтэй байхаас гадна сэтгэлзүйн байдал нөлөөлж болно. Мөн эрхэлдэг ажил, мэргэжил болон нийгмийн зүгээс ирэх сөрөг нөлөө ч бас хамаатай. Жишээ нь Улаанбаатар хотын агаар, хөрсний чанар эсвэл Африкийн улс орнуудад хэрэглэдэг чанарын баталгаагүй вакцин зэрэг зүйлсийг дурдаж болох юм.

Монгол хүмүүст тохиолддог хамгийн гол шалтгаан

Ануухай эмнэлгийн эмч Б.Баярмаа "Нэгдүгээрт эрэгтэй, эмэгтэй аль аль талаасаа үргүйдэлтэй байж болно" гэлээ. Тэгэхээр эмэгтэй хүнээс шалтгаалах зүйлсийг нь эхлээд ярья. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн сав, өндгөвч, үрийн хоолой гэх энэ гурвын юунаас нь болж байна вэ гэдгийг тодруулдаг. Үүнээс гадна өндгөвчний үйл ажиллагаанаас болж байна уу, мөн бодит анатомийн бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалж болно. Энэ гурваас гадна дотоод шүүрлийн зохицуулалт, тархины үйл ажиллагаанаас мөн өөр шалтгаалах зүйл байгаа эсэхийг тодруулдаг. Үргүйдлээ эхлээд тодорхойлсны дараа яаж эмчлэх, жирэмслэх аргаа сонгодог байна.

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ? (фото 3)

"Олон улс дах үргүйдлийн шалтгаануудыг харж байхад манайх шиг хөгжиж буй оронд нэгт үрэвсэл, аарцагийн хөндийн үрэвсэлт өвчнүүд ордог. Хөгжингүй орнуудад эмэгтэйчүүд карьер хөөж, амьдрал орой зохиох болжээ. Үүний нэгэн адил Монголд ч эмэгтэй хүн 35-аас дээш насандаа гэрлээд ирэхээр аяндаа биологийн чанараараа жирэмслэх магадлал нь буурч байгаа" гэдгийг Баярмаа эмч онцлон тэмдэглэв.

Эрэгтэй хүн мөн адилхан анхдагч болон гадны нөлөөнөөс шалтгаалсан  үргүйдэлтэй байж болно. Анхдагч шалтгаан гэхээр уг хүн анатомийн хувьд эр бэлгийн эс боловсруулж чаддаггүй байж болно. Эсвэл тэрийг дамжуулдаг хоолой нь үүсээгүй гэх зэрэг шалтгаантай. Хоёр дах шалтгаанд харин ямар нэгэн гэмтэл юм уу вирусын халдвар багтана. 

Эмэгтэй хүний нас,  амьдралын хэв маяг, хоолны дэглэм, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ ч үр тогтоход чухал нөлөө үзүүлдэг

Үргүйдлийн шалтгааныг органик буюу биемахбодын хувьд эмэгтэйчүүдэд 40% орчим, эрчүүдэд 30% орчим байх магадлалтай гэж анагаах ухаан үзэж байгаа. Мөн аль алинаас нь хамаарах магадлал 20%-тай байдаг. Үлдсэн 10-15%-ийн шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байгаа ажээ.
Тиймээс эмч нар дор хаяж нэг жилийн хугацаанд хүүхэд олоогүй эмэгтэйд тодорхой онош тогтоохын тулд судалгаа, шинжилгээ хийж эхэлдэг байна.

Хүн хэрхэн бий болдог вэ?

Шинэ төрсөн охины өндгөвч ойролцоогоор хоёр сая фолликул хэмээх хөөсөнцөр өөртөө агуулдаг ажээ. Тэр болгонд боловсорч гүйцээгүй өндгөн эсүүд бий. Төрсний дараагийн хэдэн сард зарим нь үхэж, үлдсэн хэсэг нь боловсорч гүйцээгүй хэвээрээ хадгалагдан үлддэг ба хүний амьдралын туршид 300-400 өндгөн эсүүд нь боловсорч гүйцэх ёстой. Энэ үйл явц бэлгийн бойжилттой нэгэн зэрэг эхэлдэг. Сарын тэмдэг ирэх бүрийн дараа хэсэг фолликул, заримдаа 20 хүртэлх тооны фолликул өндгөвчинд боловсордог. Боловсорч гүйцсэн фолликул задран ооцит хэмээх өндгөн эс ялгаруулж хэвлийн хөндий рүү илгээнэ. Өндгөвчүүд умайн хүзүүний ойролцоо байрладаг тул ооцит буюу өндгөн эсүүдийн дээрх аялал тийм ч урт биш. Хоолойгоор дамжсан өндгөн эс умайн хөндийд ордог. Хэрэв энэ үед эр эс сперматазоидууд тааралдвал үр тогтолт явагдана.

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ? (фото 4)

Харамсалтай нь өндгөвчнөөс гарсан өндгөн эсийн үр тогтоох чадвар ердөө ганц хоног л хадгалагддаг. Гэтэл эр эсийн умайн хөндийд амьдрах чадвар хоёр, гурван хоног болохоор эр эм эсүүдийн хайрын болзоогүй өдөр ч үр тогтох боломжтой юм. 

Энэхүү гайхамшигт учрал тохиовол ооцитууд тэр даруй хуваагдан, нэг байснаа хоёр, тэгээд дөрөв, найм гэх мэтээр хуваагдаж эхэлдэг. Эстэй төстэй жижиг бөмбөлөгүүдтэй адил үр хөврөл шингэн орчинд чөлөөтэй хөвж явсаар, хана нь чийгшин, өөрийг нь тэсэн ядан хүлээж байдаг умайн дотор хананд хоёр долоо хоногийн дараа наалддаг.

Баттай наалдсан хойноо хөврөлийн зөв хэлбэр алдагдан, эсүүд нь ургаж, бие биенээсээ ялгагдаж эхэлнэ. Харин тэгж наалдаагүй бол хэрэггүй хөврөлийг биеэс гадагшлуулахаар сарын тэмдэг ирдэг байна. Харин хөдөлж эхэлсэн фоликулуудыг бүгдийг нь бүрэн боловсорч гүйцээхийн тулд тусгай дааврын бэлдмэл оруулах нь үр тогтолтын нууцад зориудаар нөлөөлж байгаа хэрэг юм. Энэ бол Эдвардс, Стептоу нарын шийдсэн асуудлын гол зорилт байжээ. Фолликулуудын боловсорч гүйцсэнийг харуулах гол үзүүлэлт нь лютейнжсэн даавруудын гэнэтийн их ялгарал юм.

Ингээд үр хөврөлийг оруулсны дараа эмч, эх хоёр залбиран хүлээх л үлддэг. Хэрэв үгүй бол бүгдийг нь дахин шинээр эхлэх болно.

Ийм маягаар найм, арав дах оролдлогын дараа жирэмслэлт амжилттай болсон тохиолдол ч бий. 

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ? (фото 5)

Зориудаар үр тогтоох аргын шинэ, өөр боломжууд ч яваандаа ил болжээ. Өндгөн эсүүд, үр хөврөлийг хөлдөөж хадгалах нь хорт хавдрын үеийн химийн эмчилгээний улмаас гэмтсэн эсвэл зориудаар өндгөвчөө авахуулсан эмэгтэйчүүдэд эх болох боломжийг олгодог. Хуруу шилэнд үр тогтоосон хөврөлд шинжилгээ хийж, хүсүүштэй биш генүүд байгаа эсэхийг тогтоох ба мэдээж тийм хөврөлийг эхийн умайд суулгахгүй. Ингэх нь удамшлын өвчинтэй гэр бүлд эрүүл хүүхэд төрөх баталгаа олгодог. Зориудаар үр тогтоох арга мэдээж бүхнийг шийдэгч шидтэн биш гэдгийг эмэгтэйчүүд сайн ойлгох хэрэгтэй аж.

Ерөнхийдөө хүүхэдтэй болохгүй байгаа хосын хэн, хэн нь ч угаасаа бэлгийн эсгүй байж болно. Эсвэл бэлгийн эсийнх нь чадвар хэт дорой байх магадлалтай. Ийм тохиолдолд донорын өндгөн эс, эр эс туслана. Дээр нь мөн үр хөврөл зориудаар үр тогтсон, жамаараа үр тогтсон ямар ч байсан хамаагүй, эхийн умайн хананд наалдах чадваргүй байж бас болно. Тэгэхдээ ийм эмгэгийг эмчлэх арга бий аж.

Мөн өндгөвчөө авахуулсан, эсвэл хорт хавдрын үеийн химийн эмчилгээний улмаас өндгөвч нь гэмтсэн эмэгтэйчүүдэд ээж болох боломжийг өндгөн эсүүд, үр хөврөлийг хөлдөөж хадгалах арга олгодог байна. 

Хуруу шилний хүүхэд сэтгэл зүрхгүй юу?

Жирийн хүмүүст ямар нэг зүйл яаж бий болсноосоо илүү үнэхээр бодит баримт л чухал байдаг шүү дээ. Ийнхүү Бурханы гэсгээл ч юм уу, үйлийн үрийн нөлөөгөөр ч юм уу хүүхэдтэй болох тавилан заяагдаагүй эмэгтэйчүүдийн амьдралыг эрдэмтэд өөрчилж чадсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрэн авч, шүүн тунгаах чухал сэдвийн нэг болсон юм.

Тэд асуудал дэвшүүлэн бичихдээ "Зориудаар үр тогтоолговол хорт хавдар үүсдэг, Эмэгтэйчүүдийн цэвэршилт эрт эхэлдэг, Хосуудын цэвэр ариун харилцаа байгаагүй тул сэтгэл зүрхгүй хүүхэд төрдөг, Эмнэлгүүдэд үр тогтсон хөврөлийг хулгайлж баруун солгойгүй зардаг, Өөр хүний үр хөврөл андуураад суулгачихдаг" зэрэг сэдвүүд хөнддөг байна.

Гэвч энэ бүхэн дэмий цуурхал болохыг амьдрал, цаг хугацаа харуулсаар байгаа ажээ. Үнэхээр сэтгэл зүрхгүй хүүхэд төрдөг эсэх тал дээр нарийн судалгаа, шалгалт явуулъя гэвэл энэ бараг боломжгүй асуудал. Бид гудамжинд яваа хүмүүсийн хэд нь сайхан сэтгэлтэй вэ гэдгийг тогтоох ямар нэгэн рентгэн төхөөрөмжтэй болж чадаагүй л байна.

Харин шинжлэх ухаан бусад асуудлыг нарийн мөрдөж, үнэхээр зориудаар үр тогтоосны дараа эх болон хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх "террор" байхгүй гэдгийг тогтоосон байна. Энэ аргын ард хорт хавдар үүсгэх ямар нэгэн "нууц бүлгэм" ч ажилладаггүй болох нь ч нотлогджээ.

Ээж болохын хүслэн: Хуруу шилний хүүхдүүд хэрхэн төрдөг вэ? (фото 6)

Хамгийн гол нь хуруу шилний хүүхэд төрүүлэхээс өмнө нь "түүнийг" судлаж, удамшлын ямар нэгэн өвчин, эмгэг тээсэн ген байхгүйг тогтоодог тусгай лабораториудын ажил чухал үүрэгтэй гэнэ. Тэдний хүчин чармайлт, шинжлэх ухааны ололт амжилтаар төрсөн дөрвөн сая хүн дотор одоогоор ямар нэгэн гажигтай хүүхэд төрсөн тохиолдолд бүртгэгдээгүй ажээ.

Зориудаар үр тогтоох аргаар төрсөн хүүхдүүд өөрсдөө эцэг эх болсон өнөө үед энэ аргаас болж үргүйдэл үүсдэг гэсэн ойлголт ч худлаа болох нь батлагдаж эхэлжээ. Түүнчлэн энэхүү алтан боломжоор төрсөн хүүхдүүд жам ёсоор төрсөн үеийнхнээсээ илүү эрүүл чийрэг байдаг. Тэд бүр анхнаасаа л эмч нарын онцгой хараанд өсч бойжихоос гадна эцэг эхчүүд нь ч илүү боловсрол мэдлэгтэй, тухайн улс орныхоо хэмжээнд харьцангуй чинээлэг хүмүүс байх нь олон.

Эцэст нь хувь тавилан хүүхэдтэй болох боломж олгоогүй хүмүүст эрдэмтэн судлаачид үнэхээр бодит боломж олгож чадсан нь гайхамшигтай хэрэг. Хуруу шилний хүүхэд төрүүлэх нь өндөр үнэтэй, тийм ч таатай бус ярвигтай ажиллагаа шаарддаг тул хорвоогийн жамаар хүүхэдтэй болох боломжгүй хүмүүс л хандах нь ойлгомжтой.

Тэгэхлээр энэ аргыг сонгодог хүмүүс үнэхээр үр хүүхэдтэй болохыг чин сэтгэлээсээ хүсч, багагүй бэрхшээлийг даван туулж, амьдрал заяагаагүй боломжийг өөртөө нээсэн онцгой хүмүүс юм. Эрдэмтэд, эмч нарын нөр их хөдөлмөрөөр оюун санаандаа эрэл хайгуул хийж олсон амжилт нь цаашдаа бүр олон эрчүүд, эмэгтэйчүүдийн амьдралыг гэрэлтүүлэх нартай, удам залгах үртэй болгон дэлгэрч байг ээ.

цааш үзэх