Хайх

Кристаллудыг интерьерт ашиглах нь: Амар амгалан, гэгээлэг орон зай

Кристаллудыг интерьерт ашиглах нь: Амар амгалан, гэгээлэг орон зай

Ямар кристаллыг аль өрөөнд байршуулах вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Гэрээ хэрхэн тохижуулж, эд зүйлсээ ямар байдлаар байршуулах талаар бүхэл бүтэн философийн сургаалууд бий болж, төрөл бүрийн номууд бичигдсэн байдаг. Гэр нь бидний хоргодох орон зай, өөрөөрөө байж болдог ганц газар тул арга ч үгүй биз ээ. Философич Освальд Шпенглерийн хэлж байсанчлан "Бидний гэр болон сэтгэл бол нэг ижил зүйл юм". Иймээс л дотроо амар амгаланг мэдрэн, тайвшралыг олохын тулд өөрийгөө хүрээлж буй орчноо зөв тохижуулах нь чухал билээ.

Тохижуулалтаа юунаас эхлүүлэх вэ?

Эхний алхам - хүрээлж буй орчноо зүгээр нэг амьгүй эд зүйлсийн цуглуулга биш харин дор бүрнээ утга, үүрэгтэй, бидний харилцан үйлчлэлцэж байдаг эд зүйлсийн систем гэж харах хэрэгтэй. Хоёр дах алхам - орчноо цэгцэлж, яг одоо танд хэрэг болж буй, тухтай амьдрахад нэмэр болж буй эд зүйлсийг үлдээж, бусад хэрэггүй зүйлсийг хүнд өгөх, хандивлах хэрэгтэй.

Ухамсартай байдлаар гэрээ тохижуулна гэдэг юуны түрүүнд цөөн эд зүйлтэй, хог багатай байхыг хэлнэ. Тогтмол цэвэрлэгээ хийж, хуучин эд зүйлсээ гамтай эдэлж, хэрэггүйг нь зарж эсвэл хүнд өгөх зэргээс мэдээж тохижуулалт эхэлнэ. Харин дараа нь яах вэ? Гэрээ хэрхэн тав тухтай, амар амгаланг мэдрүүлсэн, аниргүй орчин болгох вэ? Ном өрж тавих уу? Заавал. Уран зураг болон гэрэл зургуудаар чимэглэх үү? Мөн л бүтээлч санааны эх үүсвэр болж, өдөр бүр урам зориг бэлэглэнэ. Зөөлөн материалтай бүтээлэг, даавуу болон аяллаас авчирсан дурсгалын эд зүйлсээр декороо бүрдүүлэх үү? Гэрийг илүү баялаг, сонирхолтой болгож өгнө. Кристаллуудыг интерьертээ нэвтрүүлэх үү? Харин энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгье.

Гэр лүү нэвтрэх хэсэг, коридор: Бараан өнгийн кристаллууд

Өөртөө орчны уур амьсгалыг шингээж, хамгаалах шинж чанар агуулдаг бараан өнгийн кристаллуудыг гэр лүү нэвтрэх хэсэг, коридорт байршуулах нь хамгийн ухаалаг шийдэл болдог. Ийм төрлийн кристаллууд нь уриагүй зочин, муу мэдээ болон бусад муу энергиэс хамгаалан, нэг төрлийн шүүлтүүр болж өгдөг. Хамгийн тохиромжтой нь хар обсидиан болон хар турмалин (хар халтмар) юм. Хар турмалиныг Өмнөд Америкийн бөө нар орой унтахдаа хөлийн дэргэд байршуулж, аливаа муу зүйлээс хамгаалах, сэтгэл түгшсэн байдал болон нойргүйдлийн эсрэг хэрэглэдэг байсан юм.

Хар обсидиан ч мөн гэрийн босгыг муу энерги даван орж ирэхээс хамгаалж чадна. Гэхдээ энэхүү кристаллыг түүхэнд зэвсэг байдлаар хэрэглэдэг байсан тул илүү их идэвхтэй энергитэй гэж хэлж болно. "Game of Thrones" цуврал дээрх лууны шилийг санаж байна уу? Тэр чинь обсидиан шүү дээ. Уламжлалт бус анагаах арга барилаар ажилладаг эдгээгч нар обсидиан чулуугаар хүний биеийн энергийг шинжиж, тухайн хүний нуугдмал "хар бараан" талыг нь олж илрүүлдэг байгаа.

Зочны өрөө: Селенит, уулын болор

Энэ өрөөнд гэр бүлийн бүх гишүүд цугларч, зочид ч бас цагийг өнгөрүүлдэг тул хөгжилтэй, амьд уур амьсгал бүрдүүлэх нь маш чухал. Харийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм зорилгод хүрэхэд тань динамик энергитэй селенит тус болох аж. Селенитийн байгалийн хэлбэр нь саваа шиг бөгөөд яг л цагаан эсвэл алтлаг, гялтганасан өнгөтэй орчин үеийн урлагийн бүтээл мэт харагддаг. Гэхдээ селенитийг ихэвчлэн геометрийн хэлбэрт оруулдаг ба ийм маягаар боловсруулалтад орсон селенитийн шинж чанар, увьдсууд нь алдагддаггүй байгаа.

Зочны өрөөнд байршуулж болох хоёр дах кристалл нь уулын болор юм. Зургаан өнцөгт призм эсвэл салаалан ургаж буй мэт харагдах хэлбэртэй уулын болорт нарны гэрэл янз бүрийн өнцгөөр ойдог тул эргэн тойронд нь маш хүчирхэг гэрлэн орон зай үүсдэг байна. Үүний ачаар гэрийн эзэн бусдад эерэг мэдрэмж төрүүлж, өөрийнхөө гэгээлэг талыг харуулж чаддаг байна.

Унтлагын өрөө: Аметист буюу ягаан болор

Унтлагын өрөөнд бид эрч хүчээ сэлбэн, шууд утгаар ч тэр, далд утгаар ч тэр "нүцгэн" байдаг. Иймээс хөл хөдөлгөөн ихтэй, завгүй нийгэмд амьдарч байгаа бид унтлагын өрөөгөө аль болох тайвширч болох, бүх зүйл удааширдаг орон зай байлгах ёстой юм. Харин кристаллууд дундаас энд аметист хамгийн тохиромжтой байдаг. Анагаагч, эдгээгч нарын онцолдгоор аметист нь байгалийн тайвшруулагч бөгөөд унтахад тус болдог учир аметистыг орныхоо дэргэд, эсвэл бүр дэрэн доор байршуулаарай.

Аметист нь мөн уйтгар гунигийг хөөж, сэтгэл тайтгаруулдаг хүчирхэг увдистай. Түүхэнд аметистыг эзэн хааны титэмд суурилуулдаг байсан бөгөөд одоо ч энэ кристаллыг бурхантай холбодог бэлгэдэл гэж үздэг байгаа.

Ванны өрөө: Ягаан кварц

Өөртөө цаг зав зарцуулан, тайвшралыг олж, гадны ертөнцтэй нуур тулгарахдаа бэлтгэдэг ванны өрөөнд ямар нэгэн үзэсгэлэнтэй, зөөлөн зүйлийг нэмэхийг зөвлөж байна. Харин ягаан кварц бол ариун хайрыг илтгэдэг, амьдралд талархаж, өөрийгөө байгаагаар нь хүлээж авахыг сургадаг кристалл юм. Цагаан кварцтай харьцуулахад ягаан кварц нь ширхгүүдээр салаалж ургадаггүй тул байгалиаса маш зөөлөн ягаан туяатай байдаг.

Ванны өрөөөнд зургаан өнцөгт призм, эсвэл хайрга хэлбэрийн өнгөлсөн ягаан кварцыг байршуулж болох юм. Гөлгөр хайрга хэлбэрийн ягаан кварцыг мөн ваннд орохдоо усны гүнд шумбуулан, увдисыг нь ваннд орж байхдаа ч мэдрэх боломжтой. Ерөнхийдөө ягаан кварц нь гоо сайхны салбар дахь хамгийн алдартай кристалл бөгөөд "хүн бүр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй" гэх санааг агуулдаг юм.

Ажлын өрөө: Пирит, флюорит

Ажлын өрөөнд бид төвлөрч, үр бүтээлтэй байдаг тул пирит буюу галтмарыг байршуулахыг зөвлөж байна. Пирит нь куб хэлбэрээр ургадаг тул гоёмсог геометрийн хэлбэр дүрстэй пирит олж авахад тийм ч бэрх биш. Мэргэжилтнүүдийн онцолдгоор пиритээс ялгардаг цацраг эргэн тойрныхныг нарны энергиэр цэнэглэх чадвартай юм. Дундад зууны үеийн инкууд пиритийг өнгөлж, толь болгон ашигладаг байсан төдийгүй ирээдүйг зөгнөх зан үйлдээ ч хэрэглэдэг байжээ. Мөн бөө нар пиритийг оюун санаа цэвэрлэж, цэгцтэй сэтгэхэд тусалдаг гэж үздэг байгаа. Иймээс бид пиритийг ажлын ширээн дээрээ байршуулан чухал шийдвэр гаргах, хүнд даалгавар биелүүлэх үедээ туслалцаа аван тархиныхаа чадамжийг бүрэн дүрэн ашиглахыг санал болгож байна.

Пиритээс гадна флюорит буюу хайлуур жоншыг мөн цэцэн ухаан, мэдлэгтэй холбодог. Гайхалтай шинэлэг санаанууд болон төслүүд флюоритын тусламжтай төрөн гарна.

Хүүхдийн өрөө: Целестин, англезит, флюорит

Шинэ төрсөн нярай болон бага насны хүүхдүүдэд тайван, гэгээлэг цацрагтай целестин болон англезит кристаллуд илүү тохиромжтой. Эдгээр кристаллудыг сайхан сэтгэлт үлгэрийн дагинуудтай харьцуулж болох юм. Харин илүү том хүүхдүүд флюоритийн тусламжтай өөрийгөө таньж мэдэх боломжтой.



Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх