Хайх

Баярын маргааш хэрхэн 100 хувь эрч хүчтэй байх вэ

Баярын маргааш хэрхэн 100 хувь эрч хүчтэй байх вэ

Толгой өвдөхгүй

Text: Buro.Mongolia


Арванхоёрдугаар сар шиг их оргилуун дарс буудуулдаг өдрүүд бусад аль ч сард байхгүй. Нэг хундага, ахин нэг хундага, дахиад нэг хундага... Байзаарай. Та нэг зүйл мартаагүй биз?

Баярын үдэшлэг, гоё ганган хувцас, хамт олноороо хөгжилдөх төлөвлөгөө гээд бүх зүйл "ок" болчихдог ч харин зарим хүмүүс бяцхан "айдас"-тай байдаг нь "Маргааш яана даа?" гэх бодол. Үнэхээр ч өмнө нь бэлтгэж, шийдэхгүй бол ноцтой үр дагавар үүсгэдэг асуудал болохоор анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгэхээр шинэ жилийг хэрхэн бага шартаж, их баярлаж өнгөрөөхөд хэрэгтэй зарим зүйлсийг бид танд сануулахаар шийдлээ. 

Цагаан өнгө мандтугай

Эхний дүрэм бол баярын ширээгээ юугаар дүүргэхээ сайтар төлөвлөх. Оргилуун дарс, виски, жин, шар айраг, улаан дарсыг цөмийг нь нэг ширээнд өрөөд тавьчих нь жинхэнэ шарталтын эх үүсвэр болно. Цагаан архи, цагаан дарс нь виски, ликёроос илүү аюулгүй гээд  өнгөөр тогтоогоод авчихвал амар байх болно. Бүр нарийн авч үзвэл улаанбуудайн гаралтай уух юмаар дагнах, эсвэл усан үзмийнх /вино, оргилуун дарс, коньяк/ гээд төрөлжүүлэх хэрэгтэй. Текилаг нэрэхдээ агава, бурбоныг эрдэнэшишээр, ром дарсыг чихрийн нишингээр хийдэг билээ. 

Баярын маргааш хэрхэн 100 хувь эрч хүчтэй байх вэ (фото 1)

Урьдчилан бэлтгэх

Ерөнхийдөө цусан дахь алкохолын хэмжээ нэмэгдэхэд хүн шингэнээ маш их алддаг гэдгийг хүмүүс сайн мэднэ. Шингэнээ алдахын хэрээр хүн эрдэс бодисоо алдаж, нэг ёсондоо дотроосоо хуурайшиж эхэлдэг. Энэ бол маргааш нь толгой өвдөж, дотор муухай оргих хамгийн угтвар нөхцөл учраас "Би өнөө орой маш их шингэн юм ууна" гэж өөртөө сануулах хэрэгтэй. Ингэхдээ С витамин болон бусад эрдэс бодисоор баялаг содатой ус, цагаан гаатай хийжүүлсэн уснаас /Ginger Ale/ сонгоорой. Мөн зарим хүмүүс баярын өмнө аспирин, элэг хамгаалах бэлдмэл уух туршлагатай байдаг. Идэвхижүүлсэн нүүрс уух бас хэрэгтэй арга. Эхний хундага тогтоохын өмнө 2-4 ширхэг ууж болно.

Баярын маргааш хэрхэн 100 хувь эрч хүчтэй байх вэ (фото 2)

Нимбэг, нимбэг, бас дахин нимбэг

Хүний дархлалын эсийн 70 хувь нь С амин дэмээс бүрддэг. Тэгтэл дээр дурдсанчлан согтууруулах ундаа хүний бие дэх амин дэмийг огцом гадагшлуулдаг. Тэгэхээр мэдээж ууж эхлэх үедээ л түүнийгээ байнга нөхөх нь зүйтэй. Үүний тулд баярын ширээндээ бүх хүмүүст хүрэлцэхээр нимбэг зүсээд тавьчих хэрэгтэй. Нимбэг хүний биеийн хүчил, шүлтлэгийн хэмжээг тэнцвэржүүлэх гайхалтай увидастай. Тэр өвчин үүсгэгч бичил организмуудаас сэргийлээд зогсохгүй С амин дэмийг сайн нөхнө.

Өдөр, оройн хоолыг өөртөө

Энгийн өдрүүдэд өглөөний хоолыг өөртөө, оройн хоолноос аль болох татгалзах хэрэгтэй байдаг ч баяр бол онцгой тохиолдол. Нэгэнт бид шартахгүй байхыг зорьж байгаа бол элэг, нойр булчирхайгаа бодолцох хэрэгтэй. Сэтгэл сэргээгч ундаануудтай зохицож ажиллахын тулд хүний биеийн уургийн хэрэглээ нэмэгддэг. Үүнийг бяслаг, үхрийн мах, хушгаар нөхөж болно. Тэгэхдээ аль болох шарсан, утсан биш жигнэж, чанаж болгосон хоолноос сонгоорой. 

Унтахын өмнө 

Баярын орой өөрийн ухаантай орондоо орж чадсан хүмүүсийг амжилт гаргасанд тооцож болно. Зарим хүмүүс өглөө сэрээд л "Утас, цаг хоёр минь байна. Сайхан шоудлаа" гэж үздэг ч үнэндээ орой орондоо ухаантай орох нь маргаашдаа зориулж өөрийгөө бэлтгэх боломж гарч ирнэ. Салхивчаа бага зэрэг нээж /хэрэв утаанаас болгоомжилж байгаа бол агаар чийгжүүлэгч асааж болно/, өвдөөгүй байсан ч толгойны эм нэгийг уугаад унтаарай. 

Баярын маргааш хэрхэн 100 хувь эрч хүчтэй байх вэ (фото 3)

Өглөөний арга хэмжээ

Баяраа сайхан өнгөрүүлсэн, сэтгэл сэргээсэн мөчүүдээ өглөө хамгийн түрүүнд санаарай. Юуны өмнө биеэ чагнаж, зүрхний үйл ажиллагаа түргэтгэх зүйлс нэг их хийхгүй тайван байх хэрэгтэй. Та өмнөх орой нь хангалттай хэмжээний хичээл зүтгэл гаргасан бол тийм ч хүнд асуудал тулгарахгүй болов уу. Хэрэв үнэхээр их хэмжээгээр алкохол хэрэглэсэн бол та 1,5 - 2 литр шингэн алдсан байгаа гэдгээ санаарай. Хэрэв толгой өвдөлт мэдрэгдэж, дотор тавгүй байвал эхлээд ус ууж, дараа нь аспарин хэрэглэж болно. Бүр хэцүү тохиолдолд 250 мг-тай деклоденк уух эцсийн арга бий. Гэвч спиртний төрлийн ундааны 20 хувь нь ходоодонд, 5 хувь нь аманд, үлдсэн 75 хувь нь аль хэдийнэ бүх биед шингэсэн тул цай, хоол, нойр гурвыг аль болох өөртөө сайн зориулаарай.

Үргэлж санах зөвлөгөө

Бид бүгдээрээ элэг хүний биед нэвтэрч буй бүх зүйлсийг шүүж, хоргүйжүүлдэгийг сайн мэднэ. Тэгэхээр хүн бүрийн амьдралын хэв маяг, элэгний эрүүл байдал өөр учраас архи уусны дараах хорыг хурдан, төгс тайлах арга гэж байхгүй. Харин энгийн өдрүүдэд ч элгэндээ анхаарал хандуулж, түүнийг оношлуулж, хэрэгцээт амин дэм, эрдэс бодисоор тэтгэж байх нь илүү үр дүнтэй арга. Үүний тулд идэвхитэй арга буюу дан эрүүл мэндэд тустай, элэгний үйл ажиллагаа дэмжих хүнс хэрэглэж болно. Эсвэл Лив 52, Гликовит, Элэг хамгаалах силибуминий тос зэрэг эмийн бус бүтээгдэхүүн хэрэглээрэй. Та элгээ хэдий чинээ анхаарч, эрүүл байлгах зүйлсээр хангаж чадна төдий чинээ үр дүнг нь мэдэрч, сэтгэл санаа тань өөдрөг, аз жаргалтай байх болно. 

цааш үзэх