Хайх

BURO. хөтөч: Арваннэгдүгээр сарын 22-28 хооронд болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Арваннэгдүгээр сарын 22-28 хооронд болох онцлох үйл явдлууд

Загварын шоу, виртуал музей болон тусгай кино үзвэр

Text: Buro.Mongolia


Хасах градустай шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор энэ долоо хоногт тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.

“MPDU Fashion Week” загварын шоу

Арваннэгдүгээр сарын 26, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос санаачилсан “MPDU Fashion Week” буюу Монгол дизайнеруудыг нэгтгэж, тэдний урласан бүтээлүүдийг хэрэглэгчдэд түгээж, мөн дэлхийд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой загварын шоу гурав дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Ovdog, Zoson, Tuvza, Muse Art House, SOYO, KADR, NOÉMI, SENTI, LINE, Futuristic Type гэх дотоодын брэндүүд тус бүртээ 15 загвараас бүрдсэн шинэ цуглуулгуудаа танилцуулах юм. Үүний зэрэгцээ дуучин Цэцэ, DJ Билигүүдэй, дуучин Отгоо нар тусгай үзүүлбэрээр зочдыг баярлуулах болно. Зочдын тоо хязгаартай тул та тасалбараа эртхэн аваарай.

Төлбөртэй


“Зүүдний цирк” тоглолт

Арваннэгдүгээр сарын 26, Улаанбаатар чуулга

АНУ-ын мультимедиа зураач, зохиолч Эрин Моргенштернийн “The Night Circus” номоос сэдэвлэсэн уншлагын театр, циркийн үзүүлбэрийн хослол тоглолт ирэх Баасан гарагт ганцхан удаа тайзнаа амилах гэж байна. Дүрүүдэд Улаанбаатар циркийн жүжигчид тоглох юм.

Төлбөртэй


“Шинжлэх ухаан-100” виртуал музей

Арваннэгдүгээр сарын 27, цахим арга хэмжээ

Монгол улсын шинжлэх ухааны төв “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Шинжлэх ухаан-100” виртуал музейг олон нийтийн хүртээл болгохоор бэлдэж байна. Виртуал музейн хөтөлбөр дөрвөн хэсгээс бүрдэнэ: Судар бичгийн хүрээлэн (1921-1930 он), Шинжлэх ухааны хүрээлэн (1930-1961 он), Шинжлэх ухааны академи (1961 оноос одоог хүртэл), Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал (1981 он) гээд үзэгчдэд цаг хугацаагаар аялж, тухайн цаг үед очиж үзэх боломжийг олгох юм. Виртуал музейн нээлт Facebook болон Youtube платформоор шууд цацагдана.

Үнэ төлбөргүй


Сарнайн оршуулгын жагсаал (1969), кино үзвэр

Арваннэгдүгээр сарын 27, Нийслэлийн Улаанбаатар Чуулга

60-аад онд багагүй шуугиан дэгдээж байсан Японы “Сарнайн оршуулгын жагсаал“ кино бүтээлийн тусгай үзвэр үзэгчдэд хүрэх гэж байна. Энэхүү кино нь тухайн үеийн сонгодог авангард киногоор шалгарсан төдийгүй одоог хүртэл шүүмжлэгчдийн өндөр үнэлгээг хүртээд буй билээ. Киноны үйл явдал ЛГБТК+ нийгэмлэгийн амьдрал, тэдний адал явдлыг харуулна.

Төлбөртэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх