Хайх

“Ирээдүйд хүмүүс сансарт төрж, амьдарцгаах болно”: Жефф Безос хүн төрөлхтний ирээдүйн талаар ярилаа

“Ирээдүйд хүмүүс сансарт төрж, амьдарцгаах болно”: Жефф Безос хүн төрөлхтний ирээдүйн талаар ярилаа

Text: Buro.Mongolia


Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос хүн төрөлхтний хөгжил хаашаа чиглэж байгаа талаарх өөрийн бодлоо Вашингтон хотод болж өнгөрсөн Игнатиус Форум дээр ярьжээ. Ингэхдээ тэрээр хүмүүс манай гарагийн гадна буюу сансар огторгуйд үүсэх сансрын колонид төрж өсөж, эх дэлхий амралтын газар болж хувирна хэмээн хэлсэн байна. 

“Хүмүүс эдгээр сансрын колониудад төрж, тэндээ амьдарцгаах болно. Харин дараа нь тэд Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү аялдаг шигээ дэлхий рүү зочлохоор явцгаадаг болно” хэмээн Жефф Безос өөрийн үзэл бодлоосоо хуваалцсан юм.

Forbes сэтгүүлийн гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаар байранд бичигдсэн тэрээр удахгүй бүх үйлдвэрлэл мөн сансарт хөвж буй хотуудад төвлөрөх талаар дурдсан байна. Уг задгай сансарт үүсэх нэг хот гэхэд л гол мөрөн, ой мод, зэрлэг ан амьтантай байх бөгөөд тэнд нэг сая орчим хүн амьдрах боломжтой талаар Безос таамаглал гаргасан юм. 

Тэдгээр сансарт хөвөх хотууд нь алс холын гарагуудыг колоничлохоос ч илүү бодитой ирээдүй гэж хэлжээ.

Эргэн сануулахад, Жефф ​Безосын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг Blue Origin компани 2025-2030 он гэхэд дэлхийн бага тойрог замд “Orbital Reef” хэмээх арилжааны сансрын станц байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Уг станц нь судлаачид, хэвлэл мэдээлэл, сансрын жуулчид, бизнес эрхлэгчид болон бусад салбарын хүмүүст зориулагдсан “олон төрлийн зориулалттай сансрын бизнес парк” болох төлөвлөгөөтэй байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх