Хайх

Хүүхэд өвдөх үед гэр бүлд юу тохиолддог вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ?

Хүүхэд өвдөх үед гэр бүлд юу тохиолддог вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ?

Text: Ц. Усанболор


Хүүхэд өвдөж, онош тавигдах мөчөөс эхлэн гэр бүлийн хэвийн амьдрал өөрчлөгдөж, нурж эхэлдэг. Эцэг эхчүүд нэгэн зэрэг хүчтэй, халамжтай байх шаардлагатай болдог. Өвчин нь зөвхөн өдөр тутмын дэглэм, ахуйг өөрчлөөд зогсохгүй, харилцааны мөн чанарыг ч өөрчилдөг. Энэ бүхэн хэрхэн явагддаг, юу хийх хэрэгтэй талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Хүүхдэд хөнгөн болон хүнд гээд ямар ч онош тавигдах үед ачааллын ихэнхийг ихэвчлэн эх хүн үүрдэг. Тэд эмч нартай харилцаж, эмнэлэгт хонож, бичиг баримт бүрдүүлж, хүүхдийнхээ 24 цагийн түшиг тулгуур болдог. Харин аавууд санхүүгийн асуудлыг шийдэхийг хичээдэг. Энэ нь зөв мэт боловч нөгөөтээгүүр эрсдэл дагуулж байдаг. Эцэг эх хоёулаа тус тусдаа тусгаарлагдмал байдалд орох боломжтой. Ээж хүн эмнэлгийн ханан дунд, байнгын түгшүүртэй, өдөр бүр олон арван шийдвэр гаргах шаардлагатай болдог бол аав хүн ажилдаа бүрэн төвлөрч, хүчгүй мэт байдлыг мэдэрч өдөр хоногийг өнгөрөөдөг. Тодорхой нэг мөчид тэд бие биеэ ойлгоход хэцүү болдог ба хоёулаа дотроо: «Би бүхнийг хийж байна, харин чи үүнийг анзаарахгүй байна» гэж боддог.


Хүүхэд өвдөх үед гэр бүлийн харилцаанд хагарал үүсдэг үү?


Хүүхдийн өвчин өөрөө гэр бүлийн харилцаанд огтхон ч хагарал үүсгэдэггүй. Харин өмнө нь байсан харилцааны сул тал, ярилцаагүй асуудлуудыг ил гаргадаг. Өмнө нь “би ингэнэ, чи тэгнэ” гэсэн хэвшмэл ойлголтууд нөлөөлөхөө больдог. Тиймээс илүү уян хатан байж, бие биеэ шинээр сонсож сурах шаардлагатай болдог.

Хүүхэд өвдөх үед гэр бүлд юу тохиолддог вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ? (фото 1)

Хэрхэн ойр дотно байдлаа хадгалах вэ?


Хүүхэд өвдөх үед эцэг эхчүүд нэг зорилгын төлөө зүтгэж байгаа ч сэтгэлзүйн хувьд бие биеэсээ холдсон мэт санагдах нь элбэг. Өдөр бүрийн ядаргаа, санаа зовнил дунд асуудлуудаа дараа ярилцъя гэж хойшлуулсаар хосын харилцаа анзаарагдахгүй бүдгэрч эхэлдэг. Гэвч ойр дотно байдал бол энэ үед түшиг болдог чухал холбоо юм.

Нэн түрүүнд ядарч байгаа, ганцаардаж байгаа, ойлгогдохгүй мэт санагдаж байгаагаа хэлэх нь сул дорой байдал биш. Харин харилцаагаа хамгаалж буй алхам юм. Заавал маргаан хийх шаардлагагүй, заримдаа зүгээр л “Би яг одоо чиний дэргэд суух хэрэгтэй байна” гэж хэлэхэд л хангалттай.

Мөн ойр дотно байдал заавал урт яриа, гүнзгий ярилцлагаас бүрдэх албагүй. Жижиг холбоонууд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Гар барих, мөрөн дээр нь гараа тавих, нүд рүү нь харах, богино мессеж бичих, “Чи яаж байна?” гэж асуух зэрэг энгийн үйлдлүүд “бид хамт шүү” гэсэн мэдрэмжийг сэргээж өгдөг.

Боломжтой үедээ хамт хийх жижиг мөчүүдийг зориуд бий болгох нь тустай. Хэдхэн минут ч байсан хамт цай уух, эмнэлгийн коридороор хамт алхах, орой нэг дуу сонсох зэрэг нь амьдрал бүрэн зогсоогүй гэдгийг сануулдаг. Ойр дотно байдал бол төгс байдал биш, харин хэцүү үед ч холбогдсоор байх сонголт юм.


Өөртөө анхаарал хандуулах

Хүүхэд өвдөхөд олон эцэг эх “би яах вэ” гэж өөрийгөө хойш тавьдаг. Гэхдээ бодит байдал дээр хэрэв хүүхэд тань удаан эмчлүүлэх шаардлагатай, эсвэл хүнд оноштой бол эцэг, эх хүчээ нөхөхгүйгээр туулах боломжгүй. Өөртөө анхаарал тавих нь өөрийгөө бодсон хэрэг огтхон ч биш, харин хүүхдэдээ тогтвортой түшиг болох нөхцөл бүрдүүүлж буй хэрэг юм.

Хүүхэд өвдөх үед гэр бүлд юу тохиолддог вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ? (фото 2)

Ядарсан, сэтгэлээр унасан, туйлдсан үед бид шийдвэр гаргахад хэцүү болдог. Харин бага ч гэсэн амарч, биеэ тэжээж, сэтгэлээ тайтгаруулах боломж олговол дотоод тэнцвэр аажмаар сэргэдэг. Энэ нь хүүхдэд шууд мэдрэгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүд үгийг бус, томчуудын тайван байдал, харцыг, дууны өнгийг мэдэрдэг.

Өөртөө анхаарал тавина гэдэг нь том өөрчлөлт хийхийг хэлэхгүй. Унтах, тогтмол хооллох, цонхоор харан гүнзгий амьсгалах, хэн нэгэнд сэтгэлээ ярих зэрэг орно. Эдгээр нь тансаглал биш, энэ бол зүгээр хэрэгцээ юм. Мөн айдас, уур, гуниг зэрэг мэдрэмжээ “буруу” гэж дарах хэрэггүй. Эдгээр нь нөхцөл байдлын хэвийн хариу үйлдэл.

Хүүхэд өвдөх үед бүх зүйл өөрчлөгддөг. Гэхдээ энэ өөрчлөлт заавал сүйрэл байх албагүй. Хэрэв эцэг эхчүүд өөрсдийн мэдрэмжийг анзаарч, бие биетэйгээ ярилцаж, хэн нэгнээс тусламж хүлээн авч чадвал гэр бүл энэ сорилтыг хамтдаа давж чадна. Хамгийн чухал зүйл бол төгс байх биш, харин гэр бүл хамтдаа байх явдал юм.

Хүүхэд өвдөх үед гэр бүлд юу тохиолддог вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ? (фото 3)


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх