Хайх

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал

2016-2025 оны хооронд

Text: Ц. Усанболор


Жүжигчин Женна Мари Ортега 2002 онд АНУ-ын Калифорни мужид мэндэлсэн. Тэрээр бага наснаасаа жүжиглэх авьяасаа хөгжүүлж эхэлсэн бөгөөд түүнд хамгийн их нөлөө үзүүлсэн кино бол Тони Скоттын Man on Fire байжээ. Тус киноны Дакота Фаннингийн жүжиглэлт түүнд маш их сэтгэгдэл төрүүлсэн учир тэрээр жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдсөн гэдэг. Харин түүний эцэг эх түүний хүсэл мөрөөдлийн төлөө бүх талаар нь дэмжиж, сонгон шалгаруулалтад оролцуулж, агентуудад проб бичлэг бэлтгэн явуулдаг байв. Удалгүй 2012 онд Женна найруулагч Роб Шнайдерийн Rob инээдмийн цувралд тоглон, удалгүй телевизийн CSI: NY цувралд тоглосон. Харин телевизийн дэлгэцээс удалгүй тэрээр Iron Man 3 болон Insidious-ийн хоёрдугаар бүлэгт дүр бүтээснээр карьер нь өсөж эхэлжээ.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 1)

Женнагийн карьер Disney-тай салшгүй холбоотой. Тэрээр Stuck in the Middle комеди цувралд гол дүрүүдийн нэгийг бүтээж, үргэлжлүүлэн Elena of Avalor хүүхэлдэйн кинонд дуу оруулсан. Эдгээр нь залуу жүжигчнийг хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оруулж, нэр хүндийг нь өсгөх, томоохон замыг нээж өгсөн юм. Энэ үеийн Женнагийн дүрүүдийг хүүхдийн, тун энгийн гэж тодорхойлж болно. Тухайн үедээ ч тэрээр бүтээсэн дүрийн сэдэв, дресс кодыг харгалзан хувцас сонгохыг хичээдэг байжээ. Жишээлбэл Miracles from Heaven киноны нээлтэд тэрээр хар өнгийн илүү дутуу зүйлгүй даашинзаар гоёсон бол The Jungle Book-ийн нээлтэд амьтны дүрслэлтэй чөлөөт цамц, Moana-гийн нээлтэд үсэндээ цэцэг зүүсэн байлаа.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 2)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 3)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 4)

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 5)

Женна Ортегагийн бүхий л дүр төрхийг 2016 оноос хамтран ажиллаж буй стилист Энрике Мелендес бүтээдэг. Энэ хугацаанд тэд улаан хивсний арга хэмжээнд тухайн үйл ажиллагааны сэдвийн дагуу хувцасладаг байсан. Жишээлбэл Toy Story хүүхэлдэйн киноны нээлтэд Женна 1970-аад оны хэв маягийг шингээсэн, Шериф Вудигийн дүрийг санагдуулам хувцаслан иржээ.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 6)

Энрикегийн тусламжтайгаар жүжигчний стиль аажим аажмаар илүү насанд хүрсэн шинжтэй болж эхэлсэн. Тухайлбал Pirates of the Caribbean киноны нээлтэд биеийг тодотгосон бариу өмд болон корсет, NYLON Young сэтгүүлийн үдэшлэгт классик хослол өмссөн бол Star Wars-ын нээлтийн арга хэмжээнд нуруу гарсан, урт даашинзаар гоёсон байлаа. Энэ үед тэрээр 15 настай байсан бөгөөд түүний дүр төрхөд нь хүүхдийн шинж ажиглагдсаар байсан. Харин Radio Music Awards-ын арга хэмжээнд Ортега өндөр суудалтай өмд, судалтай футболк, Микки Маусны чихийг санагдуулам үсээ хоёр боосон төрхийг бүрдүүлсэн нь өсвөр насны шулуун шударга зан чанар болон насанд хүрэгчийн зоригтой шинжийг тэнцвэржүүлэхийг оролдож байсныг илтгэдэг билээ.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 7)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 8)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 9)

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 10)

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 11)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 12)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 13)

Харин 2018 он гэхэд Женна, Энрике хоёр илүү бие биенээ мэдэрч эхэлсэн үе. Женнагийн хувцас илүү даруу болж, өнгөний сонголт бараан байсан бол нүүр будалтын хувьд нүд, уруул хэсгийг тодотгож эхэлсэн. Тэрээр улаан хивсний ёслолын арга хэмжээнүүд дээр ихэвчлэн хар өнгийн хувцаслалттай хүрэлцэн ирэх болсон.

Цаашлаад тэрээр You цувралд дүр бүтээж, цаашлаад The Babysitter: Killer Queen аймшгийн кинонд тоглосон нь түүний жүжиглэх ур чадвар болон хувцаслалтын хувьд өсөлтийн чухал цэг болсон гэж хэлж болно. Мөн тухайн үед тэрээр камерын өмнө өөртөө итгэлтэйгээр зогсож эхэлсэн ба энэ нь түүний олонд танигдах стиль болох суурийг тавьсан байна.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 14)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 15)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 16)

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 17)

2020 он гэхэд жүжигчин “Disney-ийн өхөөрдөм охин” гэх дүр төрхөөсөө бүрэн ангижирч, илүү тансаг, романтик хэв маягтай хувцаслах болжээ. Үүний тод жишээ бол Лос-Анжелест болсон Emma киноны нээлтийн үеэрх түүний бүрдүүлсэн дүр төрх байлаа. Энрике Мелендес Женнад зориулан Raisa Vanessa-гийн мини даашинз, Giuseppe Zanotti-ийн сандаал, Swarovski-ийн гялалзсан гоёл чимэглэлээр түүний төрхийг бүрдүүлсэн байлаа. Харин Алтан бөмбөрцгийн after party дээр Женна урт, торон, бие ил гарсан алтан өнгийн торон даашинзаар гялалзсан юм.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 18)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 19)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 20)

Женна Ортегагийн стилийн жинхэнэ хувьсал 2022 онд өрнөсөн. Энэ нь Netflix-ийн дуулиант Wednesday цувралын нээлтийн үеэс эхэлжээ. Тэр зөвхөн Уэнсдей Аддамсийн дүрийг бүтээхээс гадна үнэхээр тухайн дүртэйгээ нэгэн цул мэт болж хувирсан юм. Нээлтийн улаан хивсний төрхүүд нь готик шик, андрогин хэв маяг, мөн алтан үеийн Холливудын уур амьсгалтай байжээ. Энрике Мелендес Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Өмнө нь би түүнд олон давхар гоёл чимэглэлтэй, охин дүрийг илэрхийлэх нарийн детальтай хувцас өмсүүлдэг байсан. Харин одоо орчин үеийн хийгээд гэхдээ гламур дэгжин эрин үе рүү шилжин орсон” хэмээжээ.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 21)

Уэнсдей буюу Женнагийн стилийн гол деталь бол өндөр өсгийтэй, платформ эсвэл өсгийтэй хар өсгийтэй гутал юм. Үүнд тохируулан стилист нь ихэвчлэн мини даашинз сонгодог. Тухайлбал Парисын загварын долоо хоног дээр тэрээр шар өнгийн Valentino-гийн даашинз өмссөн юм. Мөн түүний бүрдүүлж буй төрхөд торон материал, ил тод деталь илүүтэй давамгайлах болсон. Ингэснээр готик хэв маяг түүний дүр төрхийн гол илэрхийлэл болж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 22)

2023 онд Женна Ортега Уэнсдей дүрийн хувцаслалтаасаа санаа авч, хэд хэдэн улаан хивсний ёслол дээр дээрх төрхөөс санаа аван хүрэлцэн ирсэн билээ. Жишээлбэл SAG Awards-ийн улаан хивсний ёслол дээр 1994 оны Versace-гийн могойн арьсан эффекттэй винтэж даашинзтай хүрэлцэн ирсэн бол, Met Gala дээр хар өнгийн, урт хормойтой, тусгайлан хийлгэсэн Thom Browne-ийн хувцсаар гоёжээ. Харин Алтан бөмбөрцөгийн ёслолын үеэр тэрээр эмэгтэйлэг, ягаан өнгийн Gucci-гийн даашинзыг сонгосон байлаа. Гэсэн ч тухайн төрхийг хүртэл Ортега өөрийн хэв маягтаа уусгаж өндөр өсгийт, зоригтой үс засалт, бараан будалтаар илэрхийлсэн. Харин Scream цувралын зургаадугаар ангид бүтээсэн дүр нь түүнийг готик хэв маягаасаа бүр ч холдуулалгүй, бүр л илүү ойртуулсан байв.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 23)

Beetlejuice 2-ын нээлтийн үеэр Женна Энрике Мелендесийн дэмжлэгтэйгээр 1988 оны киноны эх хувилбараас урам авч, Вайнона Райдерын өмссөн хувцаснуудаас иш татжээ. Жишээлбэл Лос-Анжелес хотын нээлт дээр Dolce & Gabbana-гийн судалтай хослолтой хүрэлцэн ирсэн бол, Лос-Анжелест болсон өөр нэгэн арга хэмжээн дээр цагаан цамц, дөрвөлжин хээтэй миди юбка, хатгамалтай кардиганаас бүрдэх Thom Browne-ийн хувцсаар гоёсон байлаа. Харин Венецийн нээлтийн үеэр тэр дахин Райдерын стилийг дуурайн Dior-ын улаан өнгийн, олон давхар хуниастай романтик даашинзтай хүрэлцэн ирсэн байлаа.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 24)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 25)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 26)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 27)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 28)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 29)

Тэгвэл саяхан буюу наймдугаар сарын 6-нд Netflix-ийн Wednesday цувралын хоёрдугаар бүлгийн эхний хэсэг гараад буй. Нээлтийн үеэр Женнад өөрийгөө дахин тодоор зарлаж, Энрике Мелендестэй хамтран ажилласан арван жилийн хамтын ажиллагаа хаана хүрснийг харуулах шинэ боломж болсон юм.

Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 30)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 31)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 32)
Жүжигчин Женна Ортегагийн стилийн хувьсал (фото 33)

Түүний хамгийн дуулиан тарьсан төрхүүдийн нэг бол Лондоны нээлт дээр бүрдүүлсэн дүр төрх байв. Тэрээр Ashi Studio-гийн биеийн өнгөтэй даашинз өмссөн байсан бөгөөд даашинз нь могойн арьс гуужиж, шинэ арьс гарч ирж буйг санагдуулж байлаа.

Женна Ортегагийн хувьсал бол өсөж торних, өөрийгөө олох, өөрийгөө таних замналын тухай юм. Өөрийн стилист Энрике Мелендесийн хамтаар тэрээр санаа зовнилгүй өсвөр наснаас өвөрмөц өнгө төрх, танигдахуйц хэв маягтай залуу од болон хувирчээ. Хүн бүрийн бие хүн болж төлөвших, насанд хүрч буй аяллыг бодит цаг хугацаанд нь даган харах боломж үзэгчид, загварын шүүмжлэгчдэд л байдаг. Учир нь бид бүгд өсөж, өөрийгөө хайж, эргэлзэж, заримдаа алддаг. Харин энэ бүхний эцэст өөрийгөө олж чадсан байдаг нь юутай гайхалтай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх