Хайх

Алдартнууд яагаад ичиж зовохоо болиод сошиал хуудсандаа төгс бус зургууд хийх болов?

Text: Buro.Mongolia


Алдартнуудын олон нийтийн сүлжээг харахад бүгд өөртөө 100% итгэлтэй, өөгүй төгс амьдралтай мэт харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэдний ихэнх нь аливаа арга хэмжээнд оролцсоны дараа тус арга хэмжээний менежерүүдэд хандан бүх зургуудыг тэдний хүсэлд нийцүүлэн янзалж, бэлхүүснээс нь хэдэн см хасахыг шаардан аливаа нийтлэл, зургийг хянасны дараа л гаргахыг зөвшөөрдөг төдийгүй сүүлийн үед папарацци зургуудыг ч хүртэл фотошопддог болоод байгаа.

Тэдэнд энэ эрх нь ч бий. Бид өөрсдөө ч найзуудаасаа илүү хөөрхөн гарсан зургаа олон нийтийн сүлжээнүүддээ хийх явдал олон байдаг шүү дээ. Рианна ч хүртэл өөрийн Savage x Fenty брэндийн сурталчилгаанууддаа аль болох эмэгтэй хүний олон талт байдлыг харуулахыг зорьж, plus size моделиудыг зураг авалтдаа оролцуулахын зэрэгцээ моделиудын язралт, арьсан дээрх нөсөө толбо зэргийг янзлалгүй бодит байдлаар гаргадаг хэрнээ өөрийнхөө оролцсон зургуудыг фотошопдсон хэрэгт саяхан буруутгагдсан байгаа. Гэхдээ энэ үйлдлийг шүүмжлэх хүн бидэнд дунд бараг байхгүй л болов уу. Учир нь өөрийн зургандаа фильтр ашиглаж үзээгүй хүн бараг л үлдээгүй байх. Үүнийг бид нийгэмд бий болсон өндөр стандартын буруу гэж хэлж болох ч бодитоор хараад үзвэл хүн бүрт л сонголт хийх эрх чөлөө бий.

Ер нь л маш олон эмэгтэй хэдэн кг хаях төдийд л алхалтаа өөрчилж, арьсаа эрүүл болгоход л бүрэн амьсгалдаг болж, өгзгөө чангалмагц л өөрийгөө толинд харан баярлаж эхэлдэг. Зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүс ч ийнхүү гаднах төрхдөө ач холбогдол өгдөг. Бид чухам яг яагаад ийм их ач холбогдол өгдөг болохыг Германы GfK нэртэй томоохон маркетингийн институт олж тогтоохоор нэгэн судалгаа явуулсан байдаг. Судалгаанд 22 орны 15-аас дээш насны нийт 27,000 хүн оролцсон бөгөөд үр дүнд нь дийлэнх эрчүүд бусдад таалагдахын тулд гаднах төрхөө сайжруулдаг болох нь илэрсэн бол, эмэгтэйчүүдийн 40% нь өөрийгөө илүү тодоор илэрхийлэх гэж, харин 67% нь өөртөө илүү итгэлтэй болох гэж гаднах төрхдөө анхаардаг болох нь тогтоогджээ.

Харин сүүлийн үед зарим алдартнууд үе үе "төгс бус" зураг нийтлэн өөрийнхөө биеийн аль нэг хэсгийг бодитоор харуулдаг болоод байна. Жишээ нь модель Эмили Ратаковски 2019 онд суганыхаа үсийг хусаагүй байдалтайгаар зургаа даруулсан нь олон улсын хэвлэлүүдийн гол мэдээ болсон бол, Оросын инфлюэнсер Лена Перминова целлюлитээ харуулж, харин Белла жирэмсэн эгчийнхээ дэргэд хоолны дараах "цүдгэр" гэдэснийхээ зургийг нийтэлсэн билээ. Мөн бусад алдартнууд нүүрнийхээ үрчлээг фотошопдоогүй зургаа хийсэн гээд олны танил эмэгтэйчүүд нэг ч болов бодит зургаараа бодипозитив хөдөлгөөнд нэгдээд байгаа юм.

Гэхдээ одоогоор тэд ихэвчлэн зөвхөн нэг ширхэг өө сэвээ л харуулж, ийм зураг нийтэлснийхээ дараа үргэлжлүүлэн үзэсгэлэнтэй, сайхан зургуудаа нийтэлсээр байгаа. Хамгийн гол асуулт нь тэдний ийм нэг удаагийн үйлдлүүд нийгэмд ямар нэгэн эерэг нөлөө үзүүлж чадах болов уу? Магадгүй тэднийг харсан зарим эмэгтэйчүүд утсан дээрх зураг янзалдаг апп-уудаа устгах болов уу? Ер нь цаашид бидний гоо үзэсгэлэнг хүлээж авах хандлагад дорвитой өөрчлөлт орох болов уу? Та юу гэж бодож байна?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх