Хайх

Таныг 50-иад оны загварын ертөнцөөр аялуулах кинонууд

Таныг 50-иад оны загварын ертөнцөөр аялуулах кинонууд

Text: З. Зоригт


1950-иад он бол ХХ зууны загварын ертөнцийн хамгийн сэтгэл догдлом үеүдийн нэг юм. Дайн дажинтай он жилүүд ард хоцорч, энх тайван цаг ирснээр загварын салбар эргэн сэргэв. Загвар зохион бүтээгчид шинэ цагийн эмэгтэйчүүдийн гоо зүй, хувцаслалтын хэв маягийг тодорхойлох эрин үеийг эхлүүлсэн бөгөөд энэ цаг үед дэлхийн загварын түүхэнд нэрээ мөнхөлсөн олон эрхэм төрөн гарсан юм. Өнөө цагт ч дэлхийн загварыг чиглүүлэгч Dior, Chanel, Balenciaga, Balmain, Givenchy зэрэг брэндүүд 1950-иад онд өөрсдийн домог болсон цуглуулгуудаа танилцуулж байсан бөгөөд орчин цагийн загварын суурийг тавьсан он жилүүд хэмээн тодорхойлогддог. Тэгвэл энэ цаг үеийн загварын ертөнцийн сэтгэл догдлом мөчүүдийг танд мэдрүүлж чадах өргөн дэлгэцийн бүтээлүүдийг та бүхэндээ танилцуулж байна.


Funny face (1957)

Энэхүү кино нь Холливудын домогт жүжигчин Одри Хепберн болон Givenchy брэндийн үүсгэн байгуулагч Убер де Живанши нарын хувцас загварын үүрдийн хамтралыг бататгаж чадсан бүтээл юм. Хэдийгээр Одри Хепберн өмнө нь Sabrina кинонд тоглож байхдаа Убер де Живаншигийн бүтээсэн от кутюр загваруудаас өмсөж байсан ч, тус киноны хувцас дизайнераар ажиллаж байсан Эдит Хэтийн нэр дээр данслагдсан байдаг. Тус кино нь кино урлагийн түүхэн дэх анхны “makeover” хэсгүүдийн нэгийг агуулдаг бөгөөд жижиг номын дэлгүүрийн философийн хэнээтэй охин болох Жо Стоктонд нуугдсан гоо сайхныг загварын нөлөө бүхий эрхэм Дик Эвери олж илрүүлэн, амжилт нь гэрэлтсэн модель болгож буйг өгүүлэх хөгжимт инээдмийн кино юм. Гол дүр Жо Стоктоны өмссөн Францын от кутюр загварын гайхамшиг болсон нарийн бэлхүүстэй үдшийн даашинз, өргөн хормой, урт торгомсог бээлий, өргөн саравчтай бүрх малгай, нарийн эсгүүртэй гоёмсог хүрмийг хараад таны дотор нуугдсан загварт мэдрэмжийг тань бадраах нь лавтай.


Rear window (1954)

Түгшүүрт триллер киноны эцэг гэгддэг алдарт Альфред Хичкок найруулагчийн кинон дахь эмэгтэй дүрүүд нь 1950-иад оны эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, хувцас загварын хэв маягийг тодотгодгоороо онцлог байдаг билээ. Тэр дундаа 1954 онд бүтээгдсэн “Rear window” нэрт киноны эмэгтэй гол дүр Лиза Карол Фремонтын хар энгэр, тюль цагаан хормойтой коктейль даашинз, цайвар ногоон хослол, цагаан бээлий, сувдан гоёл, нарийн өсгийтэй туфль, торгон унтлагын даашинз зэрэг нь өнөө хэр нь үнэ цэнээ алдаагүй сонгодог элит загварт тооцогддог билээ. Тус киноны хувцас дизайнераар Оскарын шагналыг найман удаа хүртсэн Эдит Хэт ажилласан бөгөөд Лизагийн дүрийг бүтээсэн жүжигчин Грэйс Келли нь хунтайж Рэйниер III-тай гэрлэснээр хожмоо Монакогийн гүнжээр өргөмжлөгдсөн байдаг билээ.


The designing woman (1957)

Хэрвээ та хүн бүрийн тэр бүр мэддэггүй, загварын "нуугдмал эрдэнэс" мэт кино үзэхийг хүсвэл The Designing Woman хамгийн зөв сонголтуудын нэг байх болно. Энэхүү романтик инээдмийн киноны гол дүр Марилла Браун нь Нью-Йоркийн амжилттай загвар зохион бүтээгч бөгөөд түүний ажил, бүтээлч орчин, хувцасны үзүүлбэр бэлтгэж буй үйл явцууд киноны туршид бодитоор дүрслэгддэг. Тиймээс энэ бүтээл нь зөвхөн тухайн үеийн дэгжин хэв маягийг харуулаад зогсохгүй, 1950-иад оны өндөр зэрэглэлийн загварын салбар хэрхэн ажиллаж байсан талаар ч сонирхолтой өнгө төрхийг үзэгчдэд мэдрүүлдэг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх