Хайх

Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөсөн Uudee's Swashbuckling Dandies хамтлагийг танилцуулж байна

Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөсөн Uudee's Swashbuckling Dandies хамтлагийг танилцуулж байна

"Yo Face" дебют синглийг нь хүлээн авна уу

Text: Д.Марал


Хөгжим сонирхогч залуучуудын зүгээс өндөр үнэлгээг хүртээд буй "Uudee's Swashbuckling Dandies" хамтлагийн нэрийг анх сонсоод та бага зэрэг гайхсан байж магадгүй юм. Тэгвэл этгээд, эрэлхэг, сагсуу бас хээнцэр гэмээр анхаарал татам нэртэй энэ хамтлагийн анхны дебют сингл болох “Yo Face” бүтээлийг сонсох есөн минутын аялалд яг одоо таныг урьж байна. Энэ бүтээлээс та тус хамтлагийн амьд, эрчимлэг, сэтгэл татам долгионыг мэдрэх болно. Уг хамтлаг өмнө нь Playtime наадам, жазз хөгжмийн тоглолт зэрэг томоохон арга хэмжээнүүдэд уран бүтээлээ толилуулан багагүй анхаарал татсан бөгөөд өнөөдрийг хүртэл дагагчид нь хамтлагийн өвөрмөц шинж чанар шингэсэн уран бүтээл олны хүртээл болох цаг мөчийг тэвчээртэй хүлээсээр ирсэн нь энэ юм.

Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөсөн Uudee's Swashbuckling Dandies хамтлагийг танилцуулж байна (фото 1)

Хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Үүдээг бид Magnolian-ы гитарчин, даралтат хөгжимчин байснаар таних ба өмнө нь мөн Something’s Brewing хамтлагийн бүрэлдэхүүнд байсныг нь мэдэх хүн цөөнгүй. Монголын орчин цагийн амьд хөгжмийн нэгэн шинэ өнгө, илэрхийлэл болж буй түүний уран бүтээл илүү эрх чөлөөтэй, бүтээлч, гүн гүнзгий болж хувьсан, хөгжмийн ертөнцийн өөр нэгэн үүд хаалгыг нээж байгааг “Yo Face” дуунаас нь харах боломжтой. Uudee's Swashbuckling Dandies хамтлаг нь мөн бөмбөрчин Жамух, гитарчид Мөрөн ба Энхтөр, басс хөгжимчид Товчо ба Хулан, даралтат хөгжимчин Цэцэн, дуучин Mu, тромбон хөгжимчин Kevin нараас бүрддэг билээ. Тэд бүгд өмнө нь Монголын шилдэг амьд хөгжмийн хамтлагуудад тоглож байсан туршлагатай, чадварлаг хөгжимчид юм.

Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөсөн Uudee's Swashbuckling Dandies хамтлагийг танилцуулж байна (фото 2)

“Yo Face” дуу хэрхэн бүтсэн тухай асуухад, Үүдээ дэлхийн жишигт нийцэх хөгжмийн миксинг болон мастеринг хийдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах хүслийн дагуу хэдэн жилийн турш өөрийн сэтгэлд нийцэх хөгжмийн инженер болон продюсеруудыг эржээ. Эцэст нь тэрээр яг өөрийн шүтдэг, дэлхийд нэрээ гаргасан хүмүүстэй холбоо тогтоож дуугаа илгээсэн бөгөөд тэдэнд түүний уран бүтээл ихэд таалагдсан тул хамтран ажиллахаар болсон байна. Ийнхүү “Yo Face” бүтээл дээр АНУ-ын домогт мастеринг инженерүүд болох Грег Калби, Стив Фаллон нар ажилласан юм. Дэвид Боуи, Бон Ивер, “Cigarettes after sex” гээд тэдэнтэй ажиллаагүй уран бүтээлч үгүй билээ. Харин дууны миксингийг АНУ-ын хөгжмийн продюсер Данни Райш хийсэн байна.

Сэтгэл хөдөлгөж, мэдрэмж хөглөсөн Uudee's Swashbuckling Dandies хамтлагийг танилцуулж байна (фото 3)

Дуучин маань өөрөө тус бүтээлээ “эрс зоримог атлаа нандин яруу” хэмээн тодорхойлсон юм. Тэрээр “Хэдий дууны мөн чанар нь гэрэл гэгээтэй боловч сайн сонсвол ямар нэгэн тэмцэл, зөрчлийн бүүдгэр өнгө аяс байгааг мэдэрч болно” хэмээн онцолсон билээ. Үүдээ мөн тус дууныхаа цаадах урлагийн илэрхийлэмж, хөгжмийн өгүүлэмж, гитарын хөнгөн, хөвөлзсөн аккорд, аялгуулаг нотууд нь сонсогчийн мэдрэмжид ямар нэг түүхийг өгүүлэн буух явцыг “синематик” хэмээн тодорхойлж болно гэлээ. "Yo Face" бүтээл нь поп хөгжмийн найруулгыг агуулсан боловч уламжлалт хэв маягаас нэлээд зайлсхийх гэж оролдсоныг үзэхэд “Uudee's Swashbuckling Dandies” өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлчид гэдэг нь илт мэдрэгдлээ.

Ингээд Uudee's Swashbuckling Dandies хамтлагийн анхны уран бүтээлийг хүлээн авна уу. 

Уран бүтээлийг сонсох:

Хамтлагийг дагах:

Facebook: Uudee's Swashbuckling Dandies

Instagram: @swashbucklingdandies

Soundcloud: Uudee's Swashbuckling Dandies

YouTube: Uudee's Swashbuckling Dandies

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх