Хайх

Савхин өмд, цасан цагаан шүд, борлосон арьс: Росс Геллерийн 5 алдаа

Савхин өмд, цасан цагаан шүд, борлосон арьс: Росс Геллерийн 5 алдаа

"Унаги.."

Text: Бюро 24/7


Бид өмнө нь алдарт "Friends" цувралын гол дүрийн баатрууд болох Рэйчел Грин, Фиби Буффе нарын загварын мэдрэмж, давтагдашгүй стилийг онцолж байсан бол энэ удаад Росс Геллерийн хамгийн хөгжилтэй алдаануудыг эргэн санахаар шийдлээ. Ингээд "Friends" цувралын 25 жилийн ойг тохиолдуулан тус киноны хамгийн алдартай бас хөгжилтэй баатруудын нэг болох Россыг эргэн дурсацгаая.

Хэтэрхий цагаан шүд

Нэгэн болзооны өмнө Росс гэнэт шүдээ цайруулахаар шийддэг ангийг санаж байна уу? Мэдээж Росс хэт их чармайлт гарган цайруулах гелийг шүдэндээ хэтэрхий удаан хугацаанд байлгаснаар түүний шүд харанхуйд гэрэлтдэг болтлоо цайрдаг (6-р улирал, 8-р анги).

Хэтэрхий бор арьс

Росс гаднах төрхөндөө анхаарал хандуулан яг л "наранд үнсүүлсэн" мэт эрүүл гэрэлтсэн арьстай болохоор арьс борлуулдаг шүршигч аппаратад орохоор шийддэг. Гэхдээ тэр гоо сайхны салоны ажилтныг анхааралтай сонсоогүйн улмаас шууд утгаараа "сүүтэй шоколад" болон хувирдаг (10-р улирал, 3-р анги).

Савхин өмд

Росс шинэ оныг тохиолдуулан өдөр бүр нэг шинэ зүйл туршиж үзнэ хэмээн өөртөө амлалт өгч, маш бариу савхин өмд худалдан авна. Тэрээр шинэ өмдөө өмсөн болзоонд явдаг ч, төд удалгүй халууцаж, болзоот бүсгүйнхээ угаалгын өрөөнд өмдөө түр тайлдаг. Гэхдээ тэр эргээд өмдөө өмсөж чадахаа больж, аргаа баран Жоуи рүү залган зөвлөгөө авдаг. Харин Жоуигийн өгсөн "гайхалтай" зөвлөгөө нөхцөл байдлыг улам бүр дордуулж орхино (5-р улирал, 11-р анги).

Амжилтгүй сээтгэнэл

Россын найзууд түүнийг бүсгүйчүүдтэй сээтгэнэж чаддаггүй хэмээн шоолоход тэр өөрийгөө батлахаар пицца хүргэлтийн ажилтан Кэйтлин гэх дур булаам бүсгүйтэй сээтгэнэхийг оролдоно. Тэдний харилцан яриа хэр удаан үргэлжилж, хэрхэн төгсдөг болохыг хүн бүр санаж байгаа биз ээ (5-р улирал, 19-р анги).

Андуурч хэлсэн нэр

Энэ бол түүний хамгийн том бас аймшигтай алдаа. Росс хуримын өдрөө сүйт бүсгүй Эмилигийн нэрийг андуурч, Рэйчел гэж хэлснээсээ болж хэд, хэдэн ангийн турш үргэлжлэх маш том асуудалд ордог (5-р улирал, 1-р анги).

Сэтгэгдэл бичих

цааш үзэх