Хайх

Цорын ганц: The Lemons хамтлагийн анплагед тоглолтоос юу мэдрэх вэ?

Цорын ганц: The Lemons хамтлагийн анплагед тоглолтоос юу мэдрэх вэ?

Ямар ч эффектгүй

Text: Ж.Чинбат


Рок, алтернатив, инди урсгалаар тоглодог The Lemons хамтлагийн хөгжмийг дуурийн театрт, сонгодог болон жазз найруулгатайгаар сонсож, мэдрэх анплагед тоглолт тавдугаар сарын 27-ны өдөр болно

Дэлхийн рок, амьд хөгжмийн түүхэнд хамгийн шилдэг анплагед тоглолтуудыг Aerosmith (1990), Пол МакКартни (1991), Nirvana (1993), The Eagles (1994),  Alice in Chains (1996) хийсэн байдаг. Тэдгээр тоглолтыг одоо хүртэл олон сая хүмүүс эргүүлэн үзсээр байдаг (бичлэг нь муу байсан ч хамаагүй) гол учир нь ганцхан удаа тоглосон хөгжмийн амьд аялгуу нь дахин давтагдашгүй бүтээл болдогт оршдог. Монголд гэвэл өмнө нь Харанга, Хурд, Нисванис, Мэднесс, Булсара хамтлагууд л ийм тоглолт хийсэн ба одоо харин The Lemons хамтлагийн анплагед тоглолт болох гэж байна. 

Энэ тоглолтын хөгжмийн найруулгыг Night Train хамтлагийн цомог дээр ажиллаж байсан Пауз хамтлагийн төгөлдөр хуурч Ж.Энхбаяр хийжээ. Тэрээр The Lemons-ын нэг өвөрмөц онцлог болсон эффектүүдийг "түр авч" оронд нь утсан хөгжим түлхүү нэмжээ. Ингэснээр бидний мэдэх The Lemons-ын дуунууд сонгодог, жазз өнгө аястай, урд өмнө нь хэний ч сонсож байгаагүй хувилбараар тоглогдох юм байна. 

Цорын ганц: The Lemons хамтлагийн анплагед тоглолтоос юу мэдрэх вэ? (фото 1)

"Бид өмнө нь ганцхан "Дөлгөөн" дуундаа л өөр хөгжимчид оруулж байсан бол энэ тоглолтонд 15 симфони найрал хөгжимчин оролцож байгаа. Ж.Энхбаяр ах өөрийн бичсэн нотоо шууд авчраад л, хөгжимчдөд өгч тоглуулсан. Тэгэхээр бид ч гэсэн өөрсдийнхөө хөгжмийг анх удаа шинээр сонсоход, сонин, өвөрмөц байсан" гэж тус хамтлагийн гитарчин М.Энхтулга хэллээ.

Анплагед тоглолтонд The Lemons-хамтлагийн өмнөх гурван цомгийн 16 дуу тоглох бөгөөд үүнд Хүсэл, Сүүлийн уянга, Paradise, Хайртай, Мэлхий гүнж, Цаг агаар, 83-86 зэрэг дуунууд оржээ. Мөн энэхүү тоглолтын бичлэгийн мастерингийг тэд Лондонд хийлгэж, аудио CD болон DVD болгон гаргах зорилготой юм байна.

 

 

цааш үзэх