Хайх

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя

Text: Buro.Mongolia


1. Ganni

Анх 2000 онд үүсгэн байгуулагдаж зөвхөн ноолууран хувцас урладаг байсан Дани улсын Ganni брэнд нь өдгөө материал, хийц болон загвараараа төрөлжсөн дэлхийн хэмжээний загварын ордон болтлоо өргөжиж үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэдний амжилтын түүхээс дурдваас, Ganni нь Levi’s брэндтэй хамтран хувцасны цуглуулгаа гаргасан бөгөөд Рианна, Бейонсе зэрэг алдартнуудын өмсөх дуртай брэндүүдийнх нь нэгээр нэрлэгддэг билээ.

Энэ удаа Ganni брэнд хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан нэрийн дугуй захтай загвараа толилуулсангүй. Оронд нь тэд өөрсдийнхөө цоо шинэ хувилбарыг нээн харууллаа. Загварын ордны бүтээлч захирал Дитте Реффстру “Хүмүүс цар тахлаас үүдсэн тусгаарлалтын үеэ санан дурсаж миний төсөөлөө ч үгүй хувцаснуудыг хооронд нь загварчилж байна. Тиймээс л би энэхүү хүсэлд нийцсэн загварыг танилцуулахаар шийдсэн” хэмээн цуглуулгынхаа сэдлийн талаар онцолсон юм. Тиймдээ ч цуглуулгад тод өнгийн бэлтгэлийн өмд, цамцтай хослуулсан коктейл даашинз болон ялангуяа энэ жил моданд ороод буй clog загварын гутлууд багтсан харагдлаа.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 1)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 2)

2. Henrik Vibskov

Дижитал бус оффлайн загварын шоуны формат нь Henrik Vibskov брэндэд зориулагдсан гэмээр. Энэхүү ордон нь шоу бүрээ үзүүлбэр талаас нь бодож хийдэг бөгөөд загварыг үйлдлийн урлагтай хослуулдгаараа алдартай.

Брэндийн бүтээлч захирал Хенрик Вибсков “The Sun Will Shine on the Assembly Line” нэртэй хавар-зун 2022 цуглуулгынхаа санааг шаазан эдлэлийн бат бөх болон хэврэг гэсэн эрс тэс шинж чанараас авсан гэнэ. 90% дахин боловсруулсан материал ашигласан энэхүү цуглуулгад шаазан эдлэл, шоотой хээ болон гантиг чулууны деталиудыг оруулсан байлаа. Харин туялзсан хээнүүд нь шаазан аяга болон ваарыг илтгэжээ. Эдгээр олон төрлийн хээтэй загваруудаас бүтээлч захирал Вибсковын энерги мэдрэгдэж байсан талаар салбарын хүмүүс онцолсон юм .

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 3)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 4)

3. Rotate

Түлхүү хүлээн авалт, үдэшлэгийн стильтэй загварууд гаргадгаараа онцлог Дани улсын Rotate брэнд нь хавар-зун 2022 цуглуулгадаа өөрсдийн хэв маягаа хадгалсан загварууд танилцууллаа. Загварын шоунд уригдсан зочид танхимыг дүүргэж эхлэхэд Porsche, BMW-ийн винтэж автомашинаас моделиуд цувран гарч цуглуулгыг толилуулсан юм. Диско хэв маягийн нарийн мөртэй саатай топ, бүтээлч хайчилбартай даашинз, өмд болон бусад загваруудыг бүтээлч захирлууд болох Жанет Мэдсэн, Тора Валдемарс нар 1990-ээд оны “The nanny” кинонд гардаг богино юбка, том хээ болон хослолуудаас санаа аван урлажээ. Мөн үүсгэн байгуулагчид цуглуулгаараа дамжуулан энэхүү киноны гол дүр болох Фран Файны мэдрэмжтэй атлаа хэтрүүлэгтэй гэмээр төрхүүдийг харуулахаар ажилласан байна.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 5)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 6)

4. Holzweiler

Норвеги улсаас гаралтай Holzweiler брэнд хавар-зун 2022 цуглуулгаа богино хэмжээний киногоор танилцуулсан юм. Зураг авалтыг Норвеги улсын нийслэл Осло хотын төвд зохион байгуулсан байна. Өмсөж, тайлахад төвөггүй гэмээр харагдах энэхүү хүйсгүй цуглуулга нь дэггүй, томоогүй шинж чанарыг шингээсэн нь цагаа олжээ. Мөн сул силуэттэй загварууд, өргөн хүрээтэй нарны малгай, ноосон цамц, зузаан ултай гутал болон намхан өсгийтүүд зэргээс загварын ордны биед эвтэйхэн байдлыг урьтал болгосон нь харагдаж байлаа.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 7)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 8)

5. Rains

Копенхагены загварын долоо хоногт гурав дах удаагаа оролцож буй Rains нь хавар-зун 2022 цуглуулгаа мөн л богино хэмжээний киногоор танилцуулсан байна. Кинонд бүрдсэн уур амьсгал яг л бүрхэг тэнгэртэй Лондон, бороо их ордог Москва хотыг санагдуулж байлаа. Бичлэгт борооны цув, нейлонон материалтай панама малгай, хантааз болон резинэн clog гутал өмссөн моделиуд бороо шивэрч буй гудамжаар алхаж байгаа нь гардаг. Эдгээр танилцуулсан загварууд нь улирал солигдож байгаа энэ үед тохиромжтойн сацуу, өдөр тутмын болон спортлог хэв маягуудыг давхар шингээсэн байлаа.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 9)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 10)

6. Han Kjøbenhavn

Han Kjøbenhavn-ы бүтээлч захирал Янник Виккелсо Давидсен хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан өөртөө итгэлтэй байж, дутуу дулимаг байдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалсан бөгөөд урласан хувцсыг нь өмсөөд яг л гэртээ байгаа мэт мэдрэмж аваасай гэх хүслийн дагуу бүтээлүүдээ урлажээ. Шоу эхлэхэд өргөн мөртэй тейлор хийцийн хослол өмссөн моделиуд зөөлөн ногоон гэрэлд маш удаанаар алхаж байсан бол гэнэт гэрэл унтарч, эгшиглэж байсан дүнсгэр аялгуу цоглог techno аяар солигдох үед уур амьсгал тэс ондоо болсон юм. Үүгээр ч зогсохгүй тайзан дээр өлгөсөн хар хөшгийг буулган цаана нь нуугдаж байсан граффити бүтээлүүдээр бүрхэгдсэн хан ил гарах үед очир алмазан детальтай хар өнгийн савхин даашинз өмссөн загвар өмсөгчид шоуг хаасан нь хүрэлцэн ирсэн зочдод хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдээж чаджээ.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 11)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 12)

7. Brøgger

Brøgger брэнд нь Лондон хотоос гаралтай ч уг ордны үүсгэн байгуулагч Жулли Бреггер Дани улсад төрж, өсөж, дизайнераар сурч байсан тул Данийн брэнд гэж тодорхойлох нь ч бий. 2019 оноос эхлэн Копенхагены загварын шоунд оролцож эхэлсэн Brøgger 2022 оны цуглуулгын танилцуулгаа гадаа задгай талбайд зохион байгуулсан ба тухайн газарт байсан гол, цэцэг болон үр тариа нь Jacquemus брэндийг санагдуулж байлаа. Харин загваруудын хувьд өөрсдийн хэв маягаа шингээсэн байснаас эрэгтэйлэг тейлор хийцийн брюкэн өмдийг сул загварын даашинзтай хослуулсан нь нүдэнд ихээр туссан юм.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 13)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 14)

8. Saks Potts

Копенхагены загварын долоо хоногт оролцсон дийлэнх брэндүүд хавар-зун цуглуулгаа танилцуулсан бол Saks Potts намар-өвөл 2021 цуглуулгаа толилууллаа. Данийн архитектор Арн Жакобсын хувийн эзэмшилд зохион байгуулагдсан энэхүү шоу нь бүхэлдээ эрхэмсэг байдлыг илтгэж байсан юм. Цуглуулгад сүүн цагаан, бор, beige зэрэг нэг өнгөөр дагнасан төрхүүд зонхилсон байсны сацуу цэцгэн хээтэй ягаан, улбар шар зэрэг тод өнгийн загварууд ч мөн багтжээ. Түүнчлэн моделиудад Manolo Blahnik брэндийн винтэж өсгийтэй гутал өмсгөсөн ба үүнийг бүтээлч захирал Сакс Поттс “Бидний бүтээсэн загварууд богино хугацааны бүтээл биш гэдгийг эдгээр винтэж загваруудаар бага ч болов илтгэхийг хүссэн” хэмээн тайлбарласан байна.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 15)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 16)

9. Louise Lyngh Bjerregaard

Нарийн хийцтэй, уран сайхны мэдрэмжтэй сүлжмэл эдлэлээрээ олонд танигдсан Louise Lyngh Bjerregaard-ын залуу дизайнер Луиз дундаршгүй баялаг урын сантай гэдгээ баталлаа. Цуглуулгад түүний нэрийн цоолборуудтай сүлжмэл болон нэхмэл хослолууд, мөн даашинзууд зонхилж байснаас гадна савхин материалтай загварууд болон корсетууд багтжээ. Бүтээлч захирал Луиз ямар нэг чиг хандлагад баригдаагүй чамин атлаа этгээд гоо зүйн мэдрэмжээ цуглуулгадаа шингээсэн байлаа.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 17)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 18)

10. Baum und Pferdgarten

Цар тахал загварын салбарт болон бидний хувцасны шүүгээнд багагүй нөлөөлж биед эвтэйхэн, спортлог өмд, легинсийг классик загварын пальто, тренч цувтай санаа зоволтгүй хослуулдаг болсон. Үүнээс улбаалан “athflow” загварын урсгал бий болсон билээ. Athflow стиль нь офисд өмсөхөд тохиромжтойн сацуу гэртээ өмсөж болохоор тав тухтай байдгаараа бусдаас онцлог. Харин энэхүү урсгалын утга санааг хамгийн сайн ойлгож, хэрэгжүүлсэн нь Рикке Баумгартен болон Хелле Хестекаве нар байв. Тодруулбал, тэд хүлээн авалт, арга хэмжээнд тохиромжтой макси юбкаг ретро стилийн цамцтай хослуулж, ажил хэрэгч бермуда шоортыг пастель ягаан өнгийн кардиган болон богино нэхмэл топтой загварчилсан байлаа. Мөн гэгээлэг өнгө аяс нэмэх зорилгоор "Love Und Understanding" гэсэн бичигтэй ЛГБТК+ нийгэмлэгт зориулсан загвараа гаргахаа мартсангүй.

Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 19)
Копенхагены загварын долоо хоногт оролцсон онцлох 10 брэндтэй танилцъя (фото 20)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх