Хайх

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү?

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү?

Елена Стафьева сэтгүүлч, загварын чиг хандлагын шинжээч

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue, Harper’s Bazaar-т нийтлэлч байсан Елена Стафьева Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр одууд хэрхэн хувцасласан байгааг шинжиж, чиг хандлагын тойм ирүүллээ

Энэ жилийн "Оскар"-ын гоёлын талаар юу гэх вэ? Сүүлийн жилүүдэд бүх зүйл маш уйтгартай болсон" гэхээс өөр зүйл хүмүүс хэлэхээ больжээ. Мэдээж хэрэг баярламаар зүйлс байсан. Жишээ нь өнгөрсөн жил, бараг хоёр хүний нэг нь өмсөж байсан тэнэг лусын дагины даашинзууд , мөн бөмбөгөр хормойнууд харагдахаа больсон байлаа. Үүнээс гадна улаан хивсэн дээр нийтээрээ өмсөж байсан цайвар ягаан өнгөтэй шифон болон хар торон даашинзуудаас татгалзсаныг эс тооцвол чухал өөрчлөлтүүд харагдсангүй.

Энэ жилийн азгүйтлүүд мөн л өмнөх жилийн чиг хандлагуудтай холбоотой байлаа. Жишээ дурдвал, Кейт Уинслет Ralph Lauren-ы хар даашинз өмссөн нь яг л пянзны хальсыг биеэрээ ороосон мэт харагдсан. Түүний энэ даашинз, Dior-ын бөмбөлөгтэй даашинзыг Летиция Каста өмсөөд, яг л хуйлаастай даавуу шиг харагдаж байсан тохиолдлыг санагдууллаа. Хэдийгээр "хар торны цаанаас гэрэлтэх хар дотуур өмдний" моод өнгөрөөд хэдэн улирал болсон ч Женнифер Лоуренс  яагаад ч юм гэрэлтсэн хар даашинз өмсөн гарч ирлээ. Лоуренс болон Dior-ын гол алдаа нь гэвэл хэн, хэн нь ашиг харсан тооцооллоор суусан гэрлэлт мэт жинхэнэ холбоос тэдэнд байхгүй санагдана. Dior-ын хувьд Женифферийн алдар нэрийг ашиглан залуу хүмүүст хүрнэ. Харин Женнифер Dior-ын сурталчилгааны төсвийг ашиглана. Гэсэн хэдий ч Dior-ын тансаг, дэгжин бүсгүйн дүрд Лоуренс үнэхээр тохирохгүй байгаа билээ. Моника Беллуччи шиг гэрэлтсэн торон даашинз өмссөн нь үнэхээр ойлгомжгүй. 

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 1)Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 2)

Chanel-ын урласан хар торон даашинз мөн л Жулианна Мурээр даажигнаж орхилоо. Олон давхар, ийм зузаан хар тор бол ер нь л их осолтой зүйл юм. Учир нь ийм материал өршөөлгүйгээр нас нэмж, хүнд сэтгэгдэл төрүүлэх болно. Мэдээж ийм даашинз түүний улаан үс, цагаан царайг тодотгох ёстой байсан биз ээ. Гэхдээ бүх юм эсрэгээрээ эргэж, Нойрсож буй гүнжийн хорон санаат шулам эсвэл Цасан Цагааны хойд эх шиг харагдаж байлаа. Нөгөөтэйгүүр, Chanel "Оддын дайны" жүжигчин Дэйзи Ридлитэй үнэхээр сайн хамтарч чадсан харагдлаа. Мөнгөлөг хатгамалтай даашинз болон очир эрдэнийн бугуйвч нь хангалттай баяр ёслолын харагдаж байлаа. Харин хөлийн шагай гарсан даашинзны урт болон торон хормой нь орчин үеийн, хөнгөн харагдсан. Заримдаа Карл Лагерфельд хошин талаа зөвхөн ярилцлага өгөхдөө төдийгүй, даашинз дээр хүртэл гаргадаг билээ.

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 3)Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 4)

Үнэндээ торон болон гэрэлтдэг даашинзууд улаан хивсэн дээр хэт их гарснаас болоод үнэгүйдсэн юм. Үүнийг загвар зохион бүтээгчид ч, стилистууд ч, бүр тэдний үйлчлүүлэгчид бүгд ойлгож байгаа. Хагас жилийн өмнө Met Gala үдэш дээр бараг бүгд шахуу "нүцгэн даашинз" өмсөж байсныг бодвол Бурханы авралаар энэ удаад Оскар дээр нэг ч тийм тохиолдол гарсангүй. Хэрэв мэдээж Оливиа Уайлдын өмссөн Valentino-гийн даашинзыг тооцохгүй бол шүү дээ. Иймэрхүү торон хувцсыг Руни Марад л үлдээсэн нь дээр. Тэр жил бүр, тууштайгаар Givenchy-гийн торон даашинзаар гангарч байгаа бөгөөд бусад хүмүүс юу гэх нь түүнд огт хамаагүй гэдгээ ч хэлсэн юм. Түүнд хамгийн чухал нь тав тухтай байдал гэнэ. Цагаан арьс, мөлчийсөн хар үс, бараан уруулын будаг нь аль хэдийнэ түүний хэвийн төрх болсон тул ийм даашинзууд түүнд нэлээд зохидог ажээ.

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 5)Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 6)

Олон давхар шифон материал болон Кейт Бланшеттынх шиг нарийн хийцтэй чимэглэлийг нэг хэсэгтээ л мартах хэрэгтэй. Ялангуяа том хэмжээтэй цэцэг бол маш осолтой. Кейт хоёр жилийн өмнө Оскарын шагнал хүртэхдээ мөн л цэцэгний хатгамалтай, биеийн өнгөтэй Armani Privé даашинз өмсөж байсныг санаж байна. Гэхдээ тэр үед цэцэгний хэмжээ нь жижиг байсан тул асуудал гарч ирээгүй юм. Харин энэ удаад том, том хөвсийсэн цэцгүүдээр бүрхэгдсэн байлаа. Даашинзны гоёмсог мөсөн цэнхэр өнгө ч нөхцөл байдлыг аварч чадсангүй. Харин түүнтэй өрсөлдөхөөр Хайди Клум мөрөн дээрээ том цэцэгтэй, олон давхар хуниастай Marchesa-гийн хөх ягаан өнгийн даашинз өмсөн гарч ирлээ. Үүнээс гадна даашинз яг л гэрийн халаадыг санагдуулахын зэрэгцээ нэг ханцуйг нь оёхоо мартсан уу, тасдаад хаячихсан уу гэмээр харагдаж байлаа. Гэхдээ хэрэв бид Хайдигаас ямар нэг загварын амжилт гаргахыг нь хэзээ ч хүлээж байгаагүй бол Кэйт үргэлж л өөгүй байдаг байсан билээ.

Энэ жил хамгийн амжилттай байсан зүйл нь өнгө. Жишээ нь Шарлиз Тероны өмссөн Dior-ын улаан даашинз шиг. Ихэвчлэн хэр барагийн хүнд зохидоггүй энэхүү гүн улаан өнгө Хичкокийн шаргал үстэд гайхалтай харагдаж байлаа. Даашинз тод өнгөтэй тул илүү дутуу чимэглэлгүй, харин цээж хэсэг нь задгай, маш нарийн хийцтэй болжээ. Энэ даашинз Шарлизын өргөн мөр, цээж, биеийн өндөр гээд бусдаас өөр гэсэн бүх зүйлсийг нь тодруулж өгч байлаа. Мөн очир эрдэнийн чулуутай, урт хүзүүний зүүлт түүний төгс хэв маягийг гүйцэлдүүлжээ.

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 7)

Скандинав гаралтай Алисия Викандер болон Бри Ларсон нар даалгавраа өө сэвгүй биелүүллээ. Алисия Louis Vuitton-ы даашинзаар, харин Бри Gucci-ээр гангарсан нь үдшийн хамгийн шилдэг хувцаслалтуудаар тодорлоо. Алисия Викандерын үүлэн даашинз өөр тохиолдолд авцалдаагүй харагдаж болох байсан ч тод шар өнгө түүний хөрслөг бор арьсыг тодотгож, металл чимэглэл бага зэрэг хатуу шинж чанар нэмж, бүр мөсөн чихэр болон хувиралгүй, залуухан хэнэггүй төрх үүсгэсэн байв. Нэмж хэлэхэд, дотогшоо нугласан, урдуураа өргөгдсөн загвартай, үүлэн юбканууд Кристобаль Баленсиагагийн нэрийн хуудас болсон загвар юм.

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 8)

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 9)

Мэдээж Алессандро Микелегийн бүтээсэн даашинзанд хонгорзул цэцгийн хөх өнгө ашигласан нь шийдвэрлэх цохилт болж өгсөн юм. Хэрэв тэрээр хамгийн сайн чаддаг винтэж загварыг орчин үеийн шийдэлд хувиргадаг чадвараа ашиглаагүй бол тийм ч их амжилттай болохгүй байхсан. Том чулуугаар хүрээлэгдсэн, 1970-аад оны загвартай бүс даашинзны хамгийн гол зүйл байлаа. Түүнчлэн долгиолсон шифон хуниас зэргийг Микеле маш чадварлагаар ашиглажээ. Энгийн загвартай даашинзны цээж хэсэг болон хойшоо самнасан үс зэрэг нь цэцэглэж буй сайхан биетэй бүсгүйн төрхийг бий болгосон байна.

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 10)

Энэ жилийн Оскарын наадмаас зөвхөн улаан хивсний моод гэлтгүй загварын ерөнцийн өнөөгийн өнгө төрхийг бүхэлд нь тандаж болохоор байв. Нэгдүгээрт, ахимаг насны эмэгтэйчүүд "Ухаалаг ба хээнцэр" төрх тийм ч сайн бүрдүүлж чадсангүй. Харин одоогийн загварын ертөнцөд ноёлж байгаа "Залуу охин"-ы дүр төрхийг залуу бүсгүйчүүд маш сайн гаргаж чаджээ.

Хоёрт, хамгийн сайн дүр төрхүүдийг хайбрид загвар зохион бүтээгчид бүрдүүлсэн байна. Тэд зөвхөн загвар зохион бүтээгчээр тогтохгүй, стилист бөгөөд бэлэн загвар дээр ажилладаг билээ. Алессандро Микеле болон Николя Жескьер нар стилистүүдийн хэв маягийг тодорхойлж байгаа юм. Хайбрид загвар зохион бүтээгчид нь хэдхэн жилийн өмнө гарч ирсэн шинэ төрлийн дизайнерууд бөгөөд өнөө үед маш эрэлттэй байна. Мөн тэд хуучны загвар дээр тулгуурлан бүтээлээ туурвидаг. Хэрэв Жескьер Викандерт зориулж бүтээсэн даашинзаараа Баленсиагад хүндлэл үзүүлж, өөрийн загвар зохион бүтээх чадвар, цар хүрээ хэр өргөн болохыг харуулсан бол Микеле хуучны хэв маягийг даашинздаа тэр чигт нь шингээж,  гайхалтай сайхнаар урлажээ. 

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 11)

Харин гуравт, Оскарын ёслолд ирсэн залуучуудыг харах нь ээ бараг л бүсгүйчүүдийг харахаас илүү сонирхолтой болсон ажээ. Хэдхэн жилийн өмнө Оскар нь Tom Ford-ын хөх хилэн материалаар хааяа нэг шинэчлэгддэг, сонгодог хослолын цуваа байсан бол одоо бүх зүйл өөрчлөгджээ. Этгээд хувцсыг Эдди Редмэйнээс өөр хэн ч тийм сайн өмсч чаддаггүй билээ. Тэрээр Burberry-гийн хилэн хослол, араг ясны дүрстэй хар хилэн гутал өмссөн нь яг л Кембрижийн толь шиг төгс харагдаж байлаа. Жаред Лето улаан эмжээр, эрвээхэй зангианы оронд улаан цэцэг бүхий Gucci-гийн хослол, могойтой хилэн шаахай өмссөн байв. Өмнө нь Оскар дээрх эрчүүд хэзээ ч ийм донжтой хувцаслаж байгаагүй билээ.

Загварын ертөнц хуй салхи мэт өөрчлөгдөж байгаа нь энэ удаагийн Оскараас харагдаж байлаа. Тиймээс сайн харвал, тийм ч уйтгартай биш, харин ч маш их зүйлийг амласан, далд утга агуулгатай санагдана. Энэ бүх зүйл хэрхэн эцэслэх талаар дараа жил л илт болно. Магадгүй юу ч өөрчлөгдөхгүй ч байж болно. Эсвэл дараа жилийн Оскарт, шилдэг хувцас загварын шагналд нэр дэвшсэн Сэнди Пауелл шиг хувцасласан хэд хэдэн жүжигчин гарч ирэх ч юм билүү. Тэр тод улбар шар үс, хоргой хослолтой улаан хивсэн дээр алхсан нь торон шифон даашинзтай жүжигчдээс эрс ялгарч байсан юм. Магадгүй тэр үед л бид Оскарыг уйтгартай гэж нэрлэхгүй байх

Энэ жилийн Оскар тийм уйтгартай байсан гэж үү? (фото 12)

цааш үзэх