Michel & Amazonka тусгай дэлгүүрээ нээлээ
Michel & Amazonka брэнд өөрсдийн showroom буюу шинэ загваруудаа дэлгэн танилцуулах үзэсгэлэнгийн танхимаа ёслол төгөлдөр нээлээ. Гар хатгамал, уран нарийн хийц, олон цагийн хөдөлмөр, ур ухаанаар бүтдэг тэдний бүтээлүүдийг хэд хэдэн ангилалд багтаан авч үзэхийн ялдамд үдшийн даашинз, монгол үндэсний дээл хувцсыг өөрсдийн өвөрмөц өнгө аясаар шинэчлэн төгөлдөржүүлдгээрээ онцлог билээ. эдгээр бүтээлийг илүү ойроос ажиглаж, материалын сонголт, хатгамлын нягтрал, эсгүүрийн төгс шийдлийг мэдрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байв.
















Энэ удаа тус брэнд Улаанбаатар хотын төв цэг болох GD PLAZA (Улаанбаатар Их Дэлгүүрийн баруун талд) төвийн нэгдүгээр давхарт шинэ салбар дэлгүүрээ нээж, шинэхэн цуглуулгаа танилцуулан зочидтойгоо нэгэн дурсамжтай өдрийг хамт өнгөрүүллээ. Танхимд хөл тавих мөчөөс эхлэн Michel & Amazonka-гийн ертөнц аажмаар нээгдэнэ. Тайван уур амьсгал, тансаг дотоод засал, тэр бүү хэл брэндийн нэрийн хуудас болсон хатгамал бүхий ширээний тавцан, суудлын зөөлөвч байх нь ирсэн зочин удаан саатан бүтээл бүрийг ажиглах боломжийг олгож дэлгүүр гэхээсээ илүү хувийн галерей мэт сэтгэгдэл төрүүлнэ. Угтаа үйлчлүүлэгч бүр яаралгүйгээр загваруудтай танилцаж, зөвлөгөө авч, өөрийн онцгой мөчид зориулсан бүтээлийг сонгох боломжтой байхаар бүхнийг төлөвлөжээ. Тус салбарын онцлог хэсгүүдийн нэг бол кофены жижиг мухлаг ажиллах бөгөөд өөр бусад ундаа, амттанаар дайлж хэнбугай ч тухлан саатах тансаг орчныг бүрдүүлжээ.











Нээлтийн үеэр брэндийн ерөнхий захирал Ч.Мөнхжаргал хэлэхдээ энэхүү салбарын хамгийн чухал онцлог нь тусгай захиалга өгөх хүсэлтэй үйлчлүүлэгчдэд зориулагдсан гэдгийг онцлов. “Энэхүү салбарын маань тэргүүн зорилго юундаа байсан бэ гэвэл амьдралынхаа онцгой мөчийг Michel & Amazonka-гийн бүтээлээр гоёхыг хүсдэг бүсгүйчүүдэд зориулсан брэндийн титэм дэлгүүр гэж хэлж болно. Дашрамд дурдахад бид цаашид, ойрх ирээдүйд гадаадад салбар дэлгүүрээ нээх гэж байгааг дуулгахад таатай байна”. Үдшийн гол хэсэг нь Beautiful Romance нэртэй шинэ загварын танилцуулга байлаа. Төгөлдөр хуурын ая танхимд эгшиглэх зуур загвар өмсөгчид ээлжлэн гарч романтик үдшийн загваруудыг танилцуулсан юм. Загварын танилцуулгаас Michel & Amazonka-гийн гарын үсэг хэмээн хэлж болох гүйцэтгэлүүд тод харагдана. Зууван хэлбэрийн мөрөвч, хараацай мэт өндөр босоо зах, цэцгэн гар урлал бүхий энгэрийн хатгамал, муляж аргаар бүтээсэн энгэрийн нугалааснууд нь эмэгтэй хүний биеийн шугамыг илүү яруугаар тодотгож байлаа. Илүү зүйл нэмж чимэхээс илүүтэй хэлбэр, харьцаа, даашинз урлал өөрөө гоо сайхныг бүтээж болохыг энэхүү цуглуулга дахин сануулав.











Тайзнаа дизайнер эгч дүүс хамтдаа гарч ирэхэд танхим алга ташилтаар нижигнэлээ. Amazonka үг хэлэхдээ "Бид анх бүхнийг хасахаас эхэлж байсан. Өнөөдрийн энэ мөчид хүрэхэд бидний хөдөлмөрөөс гадна үнэнч үйлчлүүлэгчдийн маань итгэл хамгийн том дэмжлэг байлаа. Бас өнөөдөр миний эгч Michel-ийн төрсөн өдөр тохиож байгаа учраас энэ баяр миний хувьд илүү онцгой өдөр болж байна, эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэе" хэмээн яриагаа эхлүүлсэн юм.


Загварын шоуны дараа зочид их танхимын үргэлжлэл, дараагийн өрөөнүүдээр зочилж, тусгай захиалгат үйлчлүүлэгчдэд зориулсан биеийн хэмжээ авах болон дизайнеруудтай зөвлөлдөх өрөөнүүдтэй танилцлаа. Мөн тус өдөр брэндийн гар урлаачид хүрэлцэн ирсэн зочдод зориулан үнэт чулуун бугуйвчийг хэлхэж бэлэглэсэн нь үдшийн онцгой бэлгүүдийн нэг байв. Үүний зэрэгцээ зочдоо нэрийн амттан, ундаагаар дайлж, илүү тав тухтай, хувийн үйлчилгээг санал болгож буйгаараа онцлог юм. Тус брэндийн арт директор А.Бигнүүт: "Бид богино хугацаанд маш шаргуу ажилласан. Дотоод интерьерийг Amazonka болон бидний олон жилийн хамтрагч А.Хулан хамтран гүйцэтгэсэн. Мэдрэмжийн туйлууд. Мөн манай урлан энэ барилгын дээд давхарт байрладаг учраас дизайнерууд, эсгүүрчид, гар урчууд маань нэг дор ажиллаж, тусгай захиалгыг богино хугацаанд, өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой, бас мэдээж уулзалт хийж болно" хэмээн онцоллоо.














Michel & Amazonka-гийн тус салбар нь зөвхөн худалдааны дэлгүүр гэх ойлголтоос ангид оршжээ. Үйлчлүүлэгч бүр өөрийн түүх, дурсамж, онцгой мөчийг хамтран бүтээлцэх хувийн агшин гэж бичвэл илүү зохино. Учир гэвэл, хувцас загварын үнэ цэнэ зөвхөн өмсөхөд бус, тухайн хүний амьдралын нэгэн мөчтэй холбогдон үлдэхэд оршдог гэдгийг эгч дүүс энэ үдэш бидэнд дахин мэдрүүлсэн юм. Ийнхүү брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч дизайнер Michel нэрээрээ олноо танигдсан Ч.Янжиндулам тэрээр цөөн үгээр "Өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна. Бид Улаанбаатарт орон зайгаа тэллээ, төрсөн өдрөө давхар тэмдэглэж байгаа болохоор аз жаргалтай байна" хэмээн эгэл үгээр тус оройг жаргаасан юм.



























Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт