Хайх

Ханиад томууны улирлаар дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд

Ханиад томууны улирлаар дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Хүйтний улиралд бие организмыг вирусийн эсрэг тэмцэхэд зөв хооллолт маш чухал үүрэг гүйцэтгэж, тусалдаг. Тэгвэл өдөр тутмын цэсэндээ амин дэм, фитонутриент нэмэх зорилгоор ямар бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийг эрүүл хоолны Bite брэндийн үүсгэн байгуулагч ярьж байна.

Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд хүний бие организмд зайлшгүй шаардлагатай аминдэм болон микро элементүүдээр баялаг байдаг. Тэдгээрийн заримд нь бүр ч илүү их хэрэгцээтэй бодисууд агуулагддагийг эмч нар онцолдог.

Куркума

Ханиад томууны улирлаар дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 1)

Энэтхэгийн уламжлалт халуун ногоо нь тод шаргал өнгө, халуун амтаараа онцгойрдог. Гэхдээ эрдэмтэд куркума нь үүнээс ч илүү их давуу талуудтай болохыг баталсан байдаг. Тухайлбал уг халуун ногоо нь интерлэйкин бодисын IL-10 (IL-10 эсвэл CSIF) түвшинг нэмэгдүүлдэг байна. Энэ нь ханиад, томуу, вирусийн өвчний үеэр үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бодис юм. Үүний зэрэгцээ нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ та мэдээж хэрэг өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй гэдгийг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ өвдсөн тохиолдолд заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө, зааварчилгаа аваарай.


Матча

Нунтаг бүтэцтэй ногоон цай нь маш их хэмжээний аминдэм, эрдэс бодис, антиоксидант өөртөө агуулдаг тул супер хүнсэнд тооцогддог. Судалгаанаас үзэхэд матча нь зөвхөн хоол боловсруулах системд сайн нөлөө үзүүлээд зогсохгүй дархлааны системийг дэмждэг болох нь нотлогджээ. Энэ нь бие организм дахь T-эсийн ялгарлыг нэмэгдүүлдэг галлат эпигаллокатехина хэмээх (EGCG, ЭГКГ) онцгой антиоксидантын ачаар ийм үр дүнд хүрдэг байна. Т-эс нь цусан дахь цагаан эсүүд бөгөөд өвчин үүсгэгчтэй (патоген) тэмцэж, вирус болон халдвартай тэмцэхэд дархлаанд дэмжлэг үзүүлдэг гэнэ. Та матча нунтгийг зөвхөн уугаад зогсохгүй нарийн боов, чиа-пуддинг, амттандаа нэмж эсвэл матчатай бэлэн зууш худалдан авч болно.


Болгар чинжүү

Ханиад томууны улирлаар дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 2)

Болгар чинжүү буюу бидний хэлж заншсанаар амтат чинжүү. Яагаад ч юм зөвхөн цитрусын төрлийн жимсэнд C аминдэм хамгийн ихээр агуулагддаг гэж үздэг. Магадгүй энэ ойлголт нь ЗХУ-ын үеийн хүүхэд насны дурсамжаас эхлэлтэй ч байж мэдэх юм. Тухайн үед дэлгүүрт бараг ямар ч жимс, жимсгэнэ зарагддаггүй байсан тул мандарин, жүрж, нимбэг зэрэг нь шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг болоод зогсохгүй бүх төрлийн аминдэмийн эх үүсвэр хэмээн тооцогддог байв. Тэгвэл үнэн хэрэгтээ дархлаа дэмжигч аминдэмийн агууламжаараа амтат чинжүү дээд рекордыг эзэмшдэг (100 граммд 250 мг). Дараа нь үхрийн нүд (100 граммд 200 мг), брокколи (100 граммд 136 мг) ордог байна. Харин 100 грамм нимбэг болон мандаринд ердөө 40 болон 38 мг C аминдэм агуулагддаг. Харин хүн өдөрт дунджаар 80-90 мг C аминдэм авсан байх ёстой аж.


Даршилсан байцаа

Энэхүү ферментжүүлсэн бүтээгдэхүүн нь пробиотик болон пребиотикийн өндөр агууламжтайгаас гадна олдоц сайтай хүнс юм. Түүнчлэн даршилсан байцаа нь марганц, эслэг, C аминдэмээр баялаг тул дархлааг идэвхжүүлэх нөлөөтэй. Өдөр тутамдаа даршилсан байцаа, улаан манжин зэрэг ферментжүүлсэн бүтээгдэхүүн идсэнээр та дархлаа болон ходоодны үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

Ерөнхийдөө та даршилсан байцааг өөрийн гараар бэлтгэж идсэн нь дээр. Учир нь дэлгүүрт худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өндөр хэмд ариутгасан, давсны өндөр агууламжтай байдаг бөгөөд энэ нь ашигтай бичил биетүүд болон эрдсийг өсөж үржихэд саад болдог байна. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүн нь пробиотик чанараа алдсан байдаг.


Самар

Ханиад томууны улирлаар дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 3)

Мэргэжилтнүүд цайрыг дархлааны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг болохыг онцолдог. Энэхүү бичил элемент нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээс салатны навч зэрэг ногоонууд, үр тариа (гурвалжин будаа, буудай, овьёос) болон самранд агуулагддаг байна. Самар нь цайраас гадна тархи, мэдрэлийн системийн эрүүл үйл ажиллагаанд тустай омега 3, 6, 9 тосны хүчлээр баялаг. Хулууны үр, гүнжидийн үрэнд анхаарлаа хандуулаарай. Учир нь эдгээр хүнсэнд асар их хэмжээний (100 граммд 7-8 мг) цайр агуулагддаг. 

Дархлаагаа дэмжихийг хүссэн хүн бүрт хэтрүүлж идэх хэрэггүй гэдгийг зөвлөх байна. Шарсан, хайрсан, боловсруулсан, утсан, их хэмжээний давс, чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд нь дархлаанд муу нөлөө үзүүлдэг гэдэг дээр эмч нар санал нийлдэг. Тэглээ ч хэт их хэмжээний хоолыг боловсруулахын тулд маш их хэмжээний эрч хүч шаардагддаг. Тэгвэл тэр их эрч хүч нь нэг л үед бие организмыг хамгаалахад шаардагдаж болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх