Хайх

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт

Text: Buro.Retelling



Орчин үеийн дарсны хэрэглээ ба сонголт


Түүнийг Цолмонгийн Түвшинбаяр гэдэг бөгөөд "Ноён Уул Эрдэнэ" ХХК-ийн Ерөнхий захирал, "WORLDWINE" дарсны төрөлжсөн дэлгүүр болон VINOTAGE, VINEYARD дарсны рестораны үүсгэн байгуулагч юм.

Герман Улсад их сургуулиа төгссөн тэрээр дарсны бизнес эрхлэх санааг тэндээсээ олж, Монголд хамгийн анх жимсний дарс болох Сангриаг худалдаалж эхэлсэн гэдэг. Тэгвэл үүнээс хойш 27 жилийн хугацаанд "WORLDWINE" компани нь дэлхийн өнцөг булан бүрийн алдартай усан үзмийн талбайн 30 гаруй үйлдвэрлэгчээс 1,000 орчим төрлийн дарс, оргилуун дарс, шампань болон дарсны хундага дагалдах хэрэгслийг импортлон Монголын хэрэглэгч нарт хүргэсээр байна.

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 1)


Бүгд Найрамдах Франц Улсын Хүндэт Легионы "Хөлөгтбаатар" одон


Түүний энэ их хөдөлмөр, гавьяа, хоёр орны харилцаагаар тогтохгүй дарсны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Францын Ерөнхийлөгчийн зарлигаар хатагтай Цолмонгийн Түвшинбаярыг Хүндэт Легионы "Хөлөгтбаатар" одонгоор шагнасан бөгөөд уг одонг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн гардуулан өгсөн байна.

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 2)


Орчин үеийн дарсны соёл


Өдгөө хүлээн авалт, оройн цэнгүүн, олон тэмдэглэлт арга хэмжээг бид дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Төрсөн өдрийн үдэшлэг, баярт үйл ажиллагаа зэрэг онцгой тохиолоос эхлээд өдөр тутамдаа дарс хэрэглэх нь бидний хувьд өдөр тутмын энгийн хэрэглээ болжээ.

Өнгөрсөн хугацаанд манай улсад дарс сонирхогч болон цуглуулагчдын тоо нэмэгдэх болж, дарсны соёл хүрээгээ тэлсээр байна. Бизнесменүүд төдийгүй салбар бүрийн манлайлагчдын дунд хувийн ховор, сайн дарсны цуглуулгатай хүмүүс ч бий болжээ. Дарсны соёлд суралцах нь гаднаас ирсэн харилцагчид, эсвэл онцгой чухал бизнесийн түнштэй уулзах уулзалтад чухал үүрэг гүйцэтгэх нь энгийн үзэгдэл болсон.

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 3)


Дарс сонгохдоо юуг анхаарах вэ?


Эхлээд дарсны шошгыг анхааралтай унших нь зөв. Учир нь тухайн дарсны шинж чанар, аль нутагт тариалсан болоод хэдэн оны ургац, ямар хоолтой зохицох гээд бүх мэдээлэл нь байдаг.

Амталж байж дарсны чанарыг мэднэ. Дэлхий дээр нийт 1,000 гаруй төрлийн усан үзэмний сорт байдаг. Түүнээс гадна ховор сортууд ч бий. Хаана ямар хөрсөнд ургасан, ямар нар үзэж, ямар ус чийг авснаар дарсны амт өөр өөр байдаг. Яг нэг сортынх хэрнээ тухайн жилээсээ шалтгаалан амт нь өөр байх жишээтэй. Яагаад гэвэл жил болгон ургац авч түүгээрээ дарсаа хийнэ. Тухайн жил нь нартай, хур багатай байсан эсэхээс хамаарч янз бүрийн амт чанартай байна гэсэн үг. Гэхдээ технологийн хөгжлөөс шалтгаалж өнөөдөр муу дарс гарахаа байсан. Дарсны мэргэжилтнүүд нь өндөр боловсролтой шинжлэх ухааны төвшинд ажилладаг болчихсон.

Дарсыг мэдрэх нь чухал. Усан үзэмний сортууд өөр өөрийн өвөрмөц үнэртэй байдаг. Үнэрийг нь маш гоё жимс, цэцэгтэй зүйрлэж болно. Хоол болгон өөрийн амттай байдаг шиг дарс болгон өвөрмөц амтыг агуулдаг. Дарс уухдаа тэр бүхнийг мэдрэхийг л хичээх хэрэгтэй. Түүнээс бус хурдан залгилбал тэр таашаал, мэдрэмжийг авахгүй. Дарс уухад оюун ухаан сэргэнэ, гоё яриа өрнөнө. Сайн дарс сайхан яриа өрнүүлдэг гэдэг.

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 4)
Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 5)
Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 6)


Дарс бол хоолтой төгс хосолдог зүйл


Цагаан, ягаан дарсыг хөнгөн зууш, салат, тахианы махан хоолнуудтай, харин улаан дарсыг бор махан хоолтой хослуулан хэрэглэх нь зохимжтой. Зун оргилуун, ягаан дарсыг түлхүү хэрэглэвэл зохистой. Ер нь тэр дарс энэ хоолтой л хамт хамгийн гоё гэсэн зүйл байдаггүй. Орчин үед хүмүүс дуртай хоолтойгоо дуртай дарсаа амтлан өөрийнхөө амтанд тохируулдаг болсон. Тиймээс хүн өөрөө дуртай амтаа олох нь чухал юм. Дарсны сургалт, амталгаанд очиж туршиж үзэх хэрэгтэй. Хүн өөрийнхөө дуртай амт буюу ямар дарсанд дуртайгаа мэдчихвэл дарсны амт маш сайхан амтагддаг. Мөн VINOTAGE рестораны салбаруудад байрлах дарсны дэлгүүрт ирээд энэ талаар мэдээлэл авах боломжтой.

Улаан дарсанд судасны хананы уян хатан байдалд нөлөөлдөг пенол гэх бодис агуулагддаг ба улаан дарсан дахь антиоксидантууд нь холестериныг задалж, хоол шингээхэд тусалдаг. Цагаан дарс харин уушги цэвэрлэх ач холбогдолтой. Тэгэхээр хоолтой зохицуулан зөв хэрэглэнэ гэдэг нь эрүүл мэндийн ач холбогдолтой гэдгийг илэрхийлж буй юм. Эмэгтэй хүн өдөр бүр 100-150 мл, харин эрэгтэй хүн өдөр бүр 200-250 мл хундага дарс уух нь зохистой хэмжээ билээ.

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 7)
Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 8)


Монголд байгаа өндөр зэрэглэлийн дарс


Бидний өдөр тутам хэрэглэдэг дарснаас арай өөр буюу урт хугацаанд хадгалах тусам үнэ цэнэтэй болж байдаг дарсыг тусгай зооринд хадгалдаг. Удаан хадгалах зориулалттай дарсыг олон сорт хольж өндөр бүтэцтэй дарс бий болгодог. Ийм дарсыг хадгалах тусам үнэ цэнэ нь өсөж байдаг гэсэн үг. Үүнд хамгийн алдартай Францын Bordeaux мужид оршдог 10 гаруй Chateau дарснууд багтдаг. Эдгээр дарснууд бүгд "World wine Wine Cellar"-д бий. Хамгийн багадаа 300 еврогоос үнэ нь эхлэх жишээтэй. Олон жил гэдэг нь 15 ба түүнээс дээш жил хадгалахыг хэлдэг.

Дарсыг хадгалж буй зоорин дахь чийгшил тогтмол 70-80 хувь байх ба 16-18 градусын агаарын хэмтэй, бас харанхуй байх ёстой. Мөн дарсны олон жил хадгалагдах ёстой тавиур нь тусгай модоор хийгддэг. Үүнийг дэлхий дээр зөвхөн гурван газарт ургадаг буюу Америк, Испани, Австралид ургасан улаан царс модоор хийдэг. Тавиур гэхээр заавал бүхлээрээ гэж ойлгож болохгүй. Зөвхөн дарс байрлуулдаг хоёр савхан мод нь чанартай байхад болно. Учир нь тэр улаан царс мод нь чийг авч тэлдэггүй, хатаж агшдаггүй юм. Хэрвээ чийгтэй үед тэлж, агшдаг бол хөдөлгөөн явагдах эрсдэлтэй болдог. Удаан хадгалагддаг дарс огт хөдөлгөөнгүй, тогтмол хэмд "унтаж" байх ёстой билээ.

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 9)
Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн хатагтай Ц.Түвшинбаяр: Дарсны соёл, хэрэглээ, сонголт (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх