Хайх

Lucid dreaming: Зүүдээ удирдах боломжтой юу?

Lucid dreaming: Зүүдээ удирдах боломжтой юу?

Text: Buro.Mongolia


Зураг: Dream Caused by the Flight of a Bee Around a Pomegranate a Second Before Awakening,
Salvador Dali

Зүүдээ удирдаж чаддаг болчихвол ямар байх бол? Зүүдэндээ харсан хэзээ ч мартаж чадашгүй тэр үйл явдлаа ахин нэг харах юмсан гэж бодож байсан уу? Бүр эсвэл очихыг хүссэн газраа очиж, идэхийг хүссэн зүйлээ идээд дараа нь ямар нэг улсын хаан эсвэл хатан болохыг хүсэж байна уу? Эдгээрийг болон бусад зүйлсийг нойрон дундаа хэрэгжүүлдэг хүмүүс байдаг бөгөөд үүнийг хамарсан судалгаанууд ч ар араасаа гарсаар байна.

Lucid dreaming гэж юу вэ?

Зүүдээ удирдахын англи нэршлийг «lucid dreaming» гэдэг. Ойролцоогоор дэлхийн хүн амын 55 хувь нь амьдралдаа ядаж нэг удаа «сэрүүн» зүүдэлж байсан гэх тоон үзүүлэлт байдаг. Энэ сэдвийн хүрээнд сүүлийн 20 жил идэвхтэй судалгаа хийж байгаа хүн бол сэтгэл судлаач Стивен Лаберж юм. Тэрбээр зүүдээ удирдахын тулд хэрэгжүүлбэл зохих арга барилыг боловсруулаад зогсохгүй маш олон шинжлэх ухааны нээлтүүдийг хийсэн. Тодруулбал уг арга барилыг хэрэгжүүлэх нь эмчилгээний ашиг тустай бөгөөд хар дарах, түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг зэргийг анагаахад тусалдаг байна. Зүүдэлж байх үедээ юу болоод байгааг ойлгож, анзаарах нь гэнэтийн байдлаар тохиолддог ч тогтмол сургуулилт хийснээр үүнд суралцах боломжтой байдаг байна.

Зүүдээ хэрхэн удирдах вэ?

Lucid dreaming: Зүүдээ удирдах боломжтой юу? (фото 1)
"A Eunuch's Dream", Jean Lecomte du Nouy

Хэд хэдэн арга байдгаас «reality check» буюу зүүдэлж байх үедээ зүүд гэдгээ ойлгож, анзаарч, улмаар өөрийн хүслээр удирддаг болох нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд «Энэ бодит амьдрал уу? Зүүд үү?» гэж өөрөөсөө асууж бодит хийсвэр хоёрын ялгааг олох туршилтыг хийдэг байна. Ингэхдээ ямар нэг гарчиг эсвэл бичээс олж уншдаг бөгөөд жишээ нь «Дэлхий» гэдэг гарчиг олж уншлаа гэж бодъё. Тэрхүү гарчгаа нүдэлснийхээ дараа харцаа өөр газар луу буруулаад дахин нэг харахад өнөөх гарчиг хэвээрээ байгаа бол бодит амьдралд байгаагийн илэрхийлэл. Харин магадгүй «Ангараг» гээд өөрчлөгдсөн байгаа бол хийсвэр ертөнцөд байгаагийн дохио гэж үздэг байна. Эдгээр алхмуудыг амжилттай давсан хүмүүс хийсвэр ертөнцдөө нисэж, байшин өргөж, далайд сэлж, бүр цаг хугацаагаар ч хүртэл аялж чаддаг байна.

Зүүднээсээ яаж сэрэх вэ?

Lucid dreaming: Зүүдээ удирдах боломжтой юу? (фото 2)
"The False Mirror", René Magritte

«Healthline» эрүүл мэндийн мэдээллийн вебсайт дээр тавигдсан нийтлэлийн дагуу дараах алхмуудыг хийснээр зүүднээсээ сэрэх боломжтой гэсэн байна: 

  • Нүдээ анивчих. Аль болох олон давтамжтай анивчих үед сэрэх боломжтой;
  • Зүүдэн дотроо унтах. Хэрвээ өөрийгөө зүүдэлж байгаагаа ойлгож байгаа бол хийсвэр ертөнцдөө унтах гэж хичээгээрэй. Тэгвэл бодит амьдрал дээрээ сэрэх болно;
  • Тусламж дуудах. Хүн зүүдэн дотроо орилох, хашхирах зэрэг үйлдэл хийвэл тархинд нь нойрноосоо сэрэх дохио очдог гэдэг;
  • Зүүдэн дотроо ном унших. Ингэснээр зүүдэлж байх үед ашиглагддаггүй тархины хэсгүүд идэвхжиж сэрэх боломжтой.

Сөрөг нөлөө

Зүүдний ертөнцөө өөрийн хүссэнээрээ удирдаж баяр хөөр, сэтгэл хөдлөлийг мэдэрч болох ч үүний хажуугаар мөн гуниглал, уур уцаарын мэдрэмжүүд ч бас давхар зүүдлэгдэнэ гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй, тэр дундаа хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үүнийг туршихыг хориглодог бөгөөд бодит болон хийсвэрийн хооронд гацах, төөрөлдөх өндөр аюултай байдаг.

Ингээд хамгийн түгээмэл тохиолддог сөрөг шинж тэмдгүүдтэй танилцъя:

Lucid dreaming: Зүүдээ удирдах боломжтой юу? (фото 3)
"The Nightmare", Henry Fuseli
  • Сэтгэл санааны гүн хямрал;
  • Нойрны асуудал. Хийсвэр ертөнцөө удирдах нь шөнө дунд сэрэх асуудал дагуулдаг учир ядаргаанд ороход хүргэдэг байна. Ялангуяа тогтсон цагтаа унтаж чаддаггүй хүмүүст илүү сөрөг нөлөөтэй байдаг;
  • Бодит ба хийсвэр байдлыг ялгаж чадахаа болих. Нойрны хэм алдагдсанаар хүрээлэн буй орчин дахь зүйлс, хүмүүс зэргүүд бодит биш санагдаж эхлэх магадлалтай;
  • Бие хөших. Монголчууд бидний дунд «Сүнсэнд даруулах» гэдгээрээ танигдсан байдаг. Харин анагаах ухааны талаасаа хүний унтах болон сэрэх үеийн булчингийн үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогссон явдал гэж тайлбарладаг бөгөөд үргэлжлэх хугацааны хувьд хэдхэн секундээс хоёр минут хүртэл байдаг байна.
цааш үзэх