Хайх

Долоодугаар сард нээлтээ хийх таван анимэ

Долоодугаар сард нээлтээ хийх таван анимэ

Text: М. Анухатан


Хүлээлт үүсгэж буй анимэ болон киноны нээлтийн өдөр нь хүлээлтээсээ ч дутахааргүй чухал байдаг. Үүнээс хаврын дунд буюу дөрөвдүгээр сар болон зуны улирлыг эхлүүлэх долоодугаар саруудад анимэ ертөнцийн хамгийн чухалд тооцогддог олон шинэ бүтээлүүд нээлтээ хийдэг билээ. ХIII зууны Монголын түүхээс улбаалсан цоо шинэ анимэ болон урт хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж буй бүтээлүүдийн үргэлжлэл бүтээл энэ долоодугаар сард нээлтээ хийхээр хүлээгдэж байгаагаас таван бүтээлийг үзэгч танд сорчлон хүргэж байна.


Jaadugar: A Witch in Mongolia

Нээлт: 2026 оны долоодугаар сарын 4

Уг бүтээл нь манга зохиолч Tomato Soup-ийн бүтээсэн Японд өндөр үнэлгээ аваад буй ижил нэрт бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд Монголын эзэнт гүрний Их хатан Дөргөнэ хатны итгэлийг олж чадсан гол дүрийн охины амьдралыг хүүрнэн өгүүлснээр үйл явдал эхэлнэ. XIII зууны эхэн үеийн Перс оронд эрдэм номтой гэр бүлд боол болон зарагдсанаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөх бөгөөд тэрээр өшөөгөө авахаар хуйвалдаж эхэлдэг байна. Уг анимэд Японы сумо бөхийн монгол тамирчид болох Ichiro Tamawashi буюу Батжаргалын Мөнх-Оргил, Manpei Tamashoho буюу Эрдэнэбилэгийн Энхманлай нар дуу оруулсан нь тэдний анимэ ертөнцөд ажилласан анхны туршлага болсныг эх сурвалж дээр онцолжээ.


Sparks of Tomorrow

Нээлт: 2026 оны долоодугаар сарын 5

Сэтгэл хөдөлгөсөн түүхийг онцолж буй бас нэгэн бүтээл бол "Sparks of Tomorrow" анимэ цуврал юм. Цоо шинэ эх зохиолтой уг анимэ нь XX зууны Киото хотод өрнөх бөгөөд нууцлаг цахилгааны каталогийг ашиглан цахилгаан эрчим хүчний эрин үеийг авчрахыг мөрөөдөж буй хоёр залуугийн тухай өгүүлнэ.

Free!, Sound! Euphonium, болон Violet Evergarden зэрэг шилдэг бүтээлүүдийг туурвисан алдарт Kyoto Animation студи уг бүтээл дээр ажиллаж байгаа учраас үзэгчдийн хүлээлт маш өндөр байгааг эх сурвалж дээр онцолжээ. Тус студийн нэрийн хуудас болсон нарийн ажиллагаа бүхий зураглал, дүрүүдийн хөдөлгөөн, сэтгэл хөдөлгөх сайн зохиол бүхий хүүрнэл зэрэг нь уг шинжлэх ухааны уран зөгнөлт, түүхэн драмын бүтээлийг энэ зуны онцлох бүтээлүүдийн нэг болгоно хэмээн үзэгчид найдаж байна. Онцлог нь энэхүү цуврал зөвхөн Netflix платформоор анхлан цацагдсан аж.


Bleach: Thousand-Year Blood War – The Calamity

Нээлт: 2026 оны долоодугаар сарын 25

Анх 2004 онд гарч эхэлсэн энэхүү домогт анимэ цувралын сүүлчийн анги болох уг бүтээл энэхүү цувралын хамт ийнхүү өндөрлөж байна. Зохиолч Тайто Күбо өөрийн фэн клубын уулзалт дээр уг дөрвөн хэсэгт манга дээр өнөөг хүртэл багтааж чадаагүй, фенүүдийн олон жил хүлээсэн 7 анги орчим үргэлжлэх цоо шинэ түүх, тулааны хэсгүүдийг нэмж оруулсан гэдгээ баталсан билээ. Үүнд манга дээр гараагүй дүрүүдийн "Банкай” буюу үхлийн бурхдын зэвсгийн эцсийн хэлбэр багтаж буй тул үзэгчдийн хүлээлт ч мөн өндөр байна.

"Pierrot Films" студи урьд өмнөх бүлгүүдээс илүү нарийн зураглал, тулааны эффект, дуу хөгжмийг амлаж байгаа бөгөөд анимэ цувралын нээлтийн дуу Opening-г дуучин jo0ji "I-BULL" дуугаар, төгсгөлийн дуу Ending-г 9Lana "Rasen" дуугаар тус тус амилуулжээ.


The Ghost in the Shell

Нээлт: 2026 оны долоодугаар сарын 7

Долоодугаар сард нээлтээ хийх таван анимэ (фото 7)

Энэ бол өмнөх улирлын үргэлжлэл биш, харин анхны эх зохиол болох манганаас нь сэдэвлэсэн бүрэн хэмжээний шинэчлэгдсэн цуврал юм. Уг шинэчилсэн анимэг бүтээхдээ ямар ч Generative AI буюу хиймэл оюун ухаан ашиглаагүй, бүх зураглалыг гараар зурж бүтээснээрээ олон улсын анимэ шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ аваад байна. Сонирхолтой нь, гол дүр Мотоко Кусанаги цувралын турш нийт 48 өөр хувцас сольж өмсөх бөгөөд 1989 оны анхны манганы "retro" уур амьсгалыг гаргахын тулд өнгө будагт нь маш их ач холбогдол өгчээ. Үйл явдал ирээдүйн 2029 оны Япон улсад өрнөх ба хүмүүс тархиа цахим сүлжээнд шууд холбож, бие махбодоо робот болгон өөрчлөх нь энгийн үзэгдэл болсон цаг үеийг дурдах аж. Хүн болон машины зааг бүдгэрсэн энэ ертөнцөд кибер гэмт хэрэг, технологийн терроризм гарч эхэлснээр үйл явдал цаашид өрнөн үргэлжилнэ.


Thunder 3

Нээлт: 2026 оны долоодугаар сарын 8

Долоодугаар сард нээлтээ хийх таван анимэ (фото 8)

Хэвлэгдсэн даруйдаа уншигчдыг алмайруулсан манга зохиолч Яки Харухирогийн ижил нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлээс сэдэвлэгдсэн уг анимэ цуврал харьцангуй энгийнээр эхлэх ба гол дүр болох Пайпу хоёр найз Дони, Суку нарын хамт амьдарч буйгаар эхний анги танилцуулагдана. Тэднийг хүмүүс "Thunder 3” гэж дуудах ба өдөр хоногийг тоглоом тоглож, хөгжилтэй өнгөрүүлдэг жирийн л нэгэн сурагчид юм. Нэгэн өдөр тэд багшаасаа нууцлаг VR диск авч ажиллуулснаар тэдний өмнө өөр ертөнц рүү нэвтрэх хаалга нээгдэх ба Пайпугийн дүү тэр хаалгаар орж, гурван найз дүүгийнхээ араас үсрэн орсноор үйл явдал үргэлжилнэ. Тийсэр бичлэг дээрх өнгө төрхөөсөө тэс ондоо үйл явдлыг танилцуулан эхлэх тул цувралын үйл явдлыг сонирхож байвал мангаг нь түрүүлж уншихыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх