Хайх

EDEN \"Winter Wonder\": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр

EDEN "Winter Wonder": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр

Домгоос сэдэвлэсэн бүтээлч ажил

Text: Б.Энххүслэн


"Хаврын өнгө навчис, цэцэгсээс нь харагддаг бол өвлийн өнгө таны уран төсөөлөлд оршдог" -Терри Гилметс

Өвлийн улиралд тэсгэм хүйтэн жавраар хайрч хүмүүс, амьтад зутрах нь ихэсдэг ч сайн, муу хоёр ээлжилдэг хойно зөвхөн энэ л цаг үед хамгийн үзэсгэлэнтэй, үлгэр домгийн орчин бүрддэг гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Цасан ширхгүүд будран орохдоо хөдөлгөөнгүй орших бүхий л эд зүйлсийг бүрхэж өнгө зүсийг нь өөрчилдөг. Бууж ирсэн цаснууд нь ганцхан удаа өөрчлөгдөөд зогсохгүй хүйтрэхэд хөлдөж, халхад хайлсаар хүрээлэн буй орчныг олон төрлийн дүрд хувиргадаг билээ. Тиймдээ ч өвлийн улиралтай холбоотой гайхамшигт домгууд амаас ам дамжин жилээс жил дамнан яригдсаар байдаг.

 


 

Тэдгээрээс гайхалтай уран сэтгэмжээр баялаг нь Эден гэх нэртэй диваажин мэт цэцэрлэгийн тухай түүх юм. Нэн эртний цагт биеэсээ гэрэл цацруулан нисдэг буга тэнгэрт ургадаг үзэсгэлэнт Эден цэцэрлэгийг олдог гэнэ. Гэрэлт буга тэнд алтан гургалдайтай учирч ихэд дотносон нөхөрлөдөг бөгөөд тэр жиргэх биш дуулдаг аж. Түүний дуу, хоолой цэцэрлэг даяар сонсогдох мөчид Эдений бүхий л амьтад даган баясаж, ургамал цэцэгс дэлгэрэн төгөлдөржиж, булаг шанд нь зөөлрөн ариусаж, урсах ус нь амь тэтгэх шидтэй болдог байна. Хэдий буга тэнгэрт үлдсэн ч газар дэлхийгээ ихэд санадаг байсан тул алтан гургалдай, буга хоёр жилд нэг удаа дэлхийгээр айлчлахаар шийддэг юм. Гэрэлт буга дэлхийгээр айлчлахдаа эвэр дээрээ амьд усыг тээн авчирч, гол мөрнийг урсгаж, нуур далайг хайлуулан ариусгадаг байсан бол алтан гургалдайн дуу шимгүй хөрсийг сэтлэн нялх цэцэгсийг дэлгэрүүлж, улмаар дэлхийд хавар цаг ирдэг байв. Анхны хаврыг үзэж, алтан гургалдайн дуулахыг сонссон хүн төрөлхтөн урлагийг бүтээж, бүтээхүйд орших эрх чөлөөг мэдэрсэн домогтой.

 


 

Энэхүү домог нь бидний мэдэх EDEN брэндийн үүсгэн байгуулагдсан үндэс, суурь нь юм. Өөрөөр хэлбэл, тэд англи хэлнээс орчуулбаас "диваажин" гэдэг утгатай eden гэх үгээр брэндээ нэрлэж, эхлэлийн цэгээ уг домогтой холбосон билээ. Энэ утгаараа EDEN брэнд урлаг, уран сайхантай холбоотой ажлуудыг хийдэг уламжлалтай юм. Тэгвэл тэд энэ удаа брэндийн мэдрэмжийг харуулах зорилготой “Winter wonder” төслөө эхлүүлжээ. Уг төслийн хүрээнд өвлийн гайхамшиг болон домогт өгүүлэх үйл явдлыг мейкапаар илэрхийлэх бүтээлч ажлыг хэрэгжүүлсэн байв. Олон төрлийн, бүтээлч мейкапуудыг Anara's make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг хийсэн бол, чамин аксесуаруудыг Muse Art House, AMULET загварын брэндүүд урласан байна.

“Мэдрэмж хөглөдөг амт” тодорхойлолтоо бататгах үүднээс EDEN брэнд гагцхүү урлаг, уран сайхныг бүтээдэг, эрэлхийлдэг, таашаадаг болоод цааш түгээдэг хүмүүстээ зориулан мэдрэмжээ үг, үсгээр дамжуулаад зогсохгүй биет байдлаар харуулжээ. 

EDEN "Winter Wonder": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр (фото 1)

Бодсон санаагаа тэд таван төрлийн бүгд өөрсдийн гэсэн хэв маягтай будалтаар дамжуулан харуулсан байна. EDEN брэндийн таних тэмдэг болсон ногоон, цэнхэр, улбар шар өнгөөс бүрдсэн бугын эвэртэй эхний төрх болон хар өнгө давамгайлж, бугын эврийг нь үзэсгэлэнт цэцэгсээр чимэглэсэн хоёр дах будалтууд домогт гардаг гэрэлт бугын газарт буюу Дэлхийд, тэнгэрт буюу Эден цэцэрлэгт амьдран суусан хоёр төрхийг илэрхийлж байв. Дэлхийгээр тэнүүчилдэг байх үедээ буга энгийн атлаа эрхэмсэг төрхтэй байжээ. Харин тэр шидэт цэцэрлэгт очиж амь тэтгэх ургамлаас идэж, цэнгэг ариун уснаас нь ундаалснаар энгийн төрх нь улам төгөлдөржиж, тонгойх бүрт нь голын усанд нордог эвэр дээр нь цэцэг, навч дэлгэрсэн байна. Хэчнээн буга гаднах зүсээ өөрчилж, төгс төгөлдөр тэнгэрийн оронд амар тайван аж төрж байсан ч нутгаа санан эмтэрсэн сэтгэлийг нь хар болон номин ногоон гэх бараан өнгийн нүдний будалтаар илтгэжээ.

EDEN "Winter Wonder": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр (фото 2)

Харин дуу, хоолойгоороо амьтай бүхнийг тэтгэдэг хосгүй чадвартай алтан гургалдайг EDEN-ий бүтээлч баг цоо шинээр туурвисан байна. Цайвар гэдэс, бор далавчаар нь таних тэрхүү төрхтэй нь нийцэх нэг ч шинж ажиглагдсангүй. Оронд нь тэд улбар шар, цэнхэр, цагаан, ногоон болон хар өнгөөр дүрийг нь буулгажээ. Энэ нь алтан гургалдай гэрэлт бугатай нөхөрлөж, санаа бодлоороо холбогдоод зогсохгүй, бие сэтгэлээрээ нийлснээр тэд хоорондоо уусч алтан гургалдай бугын өнгөөр зүсээ өөрчилсөнтэй нь холбоотой. Яг л намар дуусч өвөл айлчлан ирэхэд хорвоо, дэлхий өнгөө өөрчилдөг шиг.

EDEN "Winter Wonder": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр (фото 3)

Дараагийн будалтууд болох ногоон, хар өнгө зонхилсон смоки болон өнгө алагласан цэцгэн аксесуартай natural мейкап EDEN брэндийн "Winter Wonder" нэртэй төслийг утгаар нь илэрхийлж, жинхэнэ өвлийн гайхамшгуудыг өөртөө шингээсэн байлаа. Жавар тасхийж, жихүүдэс хүргэм салхитай өвлийн хүйтэн, цэвдэг шинж чанар болон цагаан хөнжилд хучигдсан мод, толгодоор тодорхойлогддог өвлийн үзэсгэлэнт тал нь тус будалтуудаас өнгөц хармагц мэдрэгдэж байв. Харин сайтар ажиглаад үзэх юм бол эдгээр будалтуудыг домгийн баатрууд болох алтан гургалдай, гэрэлт буга нь шидийн хүчээрээ дэлхийд хаврын улирлыг дууддаг тэрхүү үйлээс нь сэджээ. Учир нь будалтад ашигласан ногоон, хар өнгөнөөс дөнгөж үрслүүлсэн зулзаган мод хөрсөө нэвтлэх гэж буй дүр зураг харагдаж байна. Харин гэрэлт буга, алтан гургалдайн гишгэсэн газар, хүрсэн эд зүйл нь хаврын төрхөндөө орж буйг өнгөлөг цэцэгсээр илэрхийлжээ.

EDEN "Winter Wonder": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр (фото 4)
EDEN "Winter Wonder": Өвлийн гайхамшиг мейкап артистын нүдээр (фото 5)

EDEN brand

Хаяг: AПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол улс

Утас: +976 11 343063

Санал хүсэлт: corporateaffairs@apu.mn

Нүүр будалт: О.Наранбилэг (Anara's make up)

Гоёл чимэглэл: Muse Art House, AMULET

Зураг: March Nine Media

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх